ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.06.10 - 2024.06.14
17ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,353.45 нэгжид хүрч, 1.30 хувийн уналттай хаагдлаа.
- Монгол улсын инфляцын түвшин 2024 оны 5-р сард 5.7 хувьд хүрч буурлаа. Инфляцын түвшин нь Монголбанкны зорилтот инфляцын түвшний интервалд орсон хэдий ч бодлогын хүүг нэг дор огцом бууруулах нь ханш сулрах, инфляц нэмэгдэх эрсдэлийг үүсгэж болзошгүй тул Монголбанк бага багаар бодлогын хүүг бууруулах төлөвтэй байна. Мөн дараагийн Мөнгөний бодлогын шийдвэрийг цалин, тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилтийг дагасан эрэлтийн нөлөө, төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэх зэрэг эрсдэлүүдийг анхаарч гаргах төлөвтэй байна.
- Монгол улс 2024 оны эхний 5 сард нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрч,тэнцэл 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспорт 2024 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 74.9 сая ам.доллароор өсөхөд нүүрс 172.9 сая ам.доллар, зэсийн баяжмал 54.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 41.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 39.5 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 47.8 сая ам.доллароор тус тус буурсан байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин хүлээлтийг давж буурсан нь өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгийн түвшнийг эрт бууруулах магадлалыг нэмэгдүүллээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын хувьцаанууд өндөр өсөлт үзүүллээ. Тодруулбал, технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс 3.24 хувь өсөж, 17,688.9 нэгжид хүрлээ.
- Лхагва гарагт АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин 3.4 хувиас 3.3 хувьд хүрч буурсан тухай мэдээлэгдлээ. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.6 хувиас 3.4 хувьд хүрч буурлаа. Уг түвшин 2021 оны 4-р сараас хойших хамгийн доод түвшин болж байна. Ийнхүү инфляцын түвшин дийлэнх шинжээчдийн хүлээлтийг давж буурсан нь бодлогын хүүг эрт бууруулах магадлалыг зах зээлд нэмэгдүүллээ. АНУ-ын зорилтот инфляцын түвшин 2.0 хувь юм.
- Өнгөрөгч 7 хоногт Холбооны нөөцийн сангийн ээлжит Мөнгөний бодлогын хурал болсон ба бодлого боловсруулагчид тус хурлаар бодлогын хүүгийн түвшнийг 5.25 хувь - 5.50 хувьд хэвээр хадгаллаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын парламентын сонгуультай холбоотой эрсдэлийн улмаас хөрөнгө оруулагчдын хувьцааны зах зээлд итгэх итгэл өнгөрөгч 7 хоногт суларлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 2.39 хувийн бууралттай хаагдлаа.
- АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин шинжээчдийн хүлээлтийг давж буурсан нь бодлогын хүүг эрт бууруулах магадлалыг зах зээлд нэмэгдүүлсэн билээ. Үүний нөлөө Европын хувьцаануудад 7 хоногийн дундуур эергээр нөлөөллөө.
- Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 4-р сард жилийн өмнөх мөн үеэс 3.0 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа.
- Европын төв банк нь инфляцын түвшнийг 2024 онд 2.5 хувь, 2025 онд 2.2 хувь, 2026 онд 1.9 хувь гэж таамаглаж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт холимог байдалтай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.34 хувь өссөн бол TOPIX индекс 0.31 хувийн бууралттай хаагдлаа.
- Япон улсын төв банк 6-р сарын 13-14-ний өдрүүдэд болсон Мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгийн түвшнийг өөрчлөлтгүй буюу 0.1 хувьд хэвээр хадгаллаа. Төв банкны бодлого боловсруулагчид Мөнгөний зөөлөн бодлогыг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн баримтлах төлөвтэй байна. Мөн бодлого боловсруулагчдын зүгээс их хэмжээний Засгийн газрын бондын худалдан авалтаа бууруулах талаар онцоллоо.
- Япон улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны 1-р улиралд 1.8 хувь агшсан үзүүлэлттэй гарлаа. Эдийн засаг агшихад Япон улсын Ното хойгт болсон газар хөдлөлтийн сөрөг нөлөөнөөс улмаас чухал үйлдвэрүүдийн ажил зогссон нь гол нөлөөг үзүүлсэн байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Дефляцийн дарамт БНХАУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөх төлөвтэй байгаа учир тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.61 хувь, CSI 300 индекс 0.91 хувь тус тус бууралттай хаагдлаа.
- БНХАУ-ын 2024 оны 5-р сарын инфляцын түвшин 0.3 хувьд хэвээр хадгалагдлаа. Үйлдвэрлэгчийн үнийн индексийн хувьд 5-р сард жилийн өмнөх үеэс 1.4 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 20 удаагийн дараалсан бууралт болж байна.
- БНХАУ-ын Засгийн газраас хөрөнгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжихээр бодлогын арга хэмжээг сүүлийн 1 жилийн хугацаанд эрчимтэй авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Гэсэн хэдий ч тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт удаан үргэлжилж буй нь хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг бууруулж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19