{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.07.01 - 2024.07.05

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.07.01 - 2024.07.05


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,943.25 нэгжид хүрч, 1.26 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын Нам нийт 126 суудлаас 68 суудал авч олонхыг бүрдүүлсэн билээ. Тус үр дүнтэй холбоотой Fitch агентлагийн мэдээлснээс авч үзвэл тэд Монгол улсын эдийн засгийн бодлогын тасралтгүй үйл ажиллагаа дэмжигдэж, Монгол улсын ирээдүйн эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлэх талаар онцолсон байна.Тодруулбал, Монгол Ардын Нам нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нийт 76 суудлаас 68 суудал авч олонхыг бүрдүүлсэн бол ийнхүү дахин олонх суудлыг авсан нь Засгийн газрын төсвийн урт хугацааны бодлого болох гадаад өрийн зохистой удирдлага, гадаад валютын нөөцийг хуримтлуулах, тэнцвэргүй байдал үүсэхгүйгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, Засгийн газрын өр/ДНБ харьцааг бууруулахтай уялдуулан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх зэрэг хүчин зүйлсэд өөрчлөлт бага орж улмаар улсын эдийн засаг дэмжигдэх үндсэн нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.Fitch агентлаг нь Монгол улсын нүүрсний экспорт 2024 онд сард дунджаар 5 сая тонн гэж таамаглаж улсын эдийн засгийн өсөлтийг тооцоолж байсан бол 2024 оны эхний 5 сарын байдлаар сард дунджаар 6.5 сая тонн нүүрс экспортолсон байгааг харгалзан үзэж 2024 оны Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2-р сард 4 хувь хэмээн таамаглаж байсныгаа 7 хувь болгож нэмэгдүүлээд байгаа юм. Үүний үр дүнд Монгол улсын нэгдсэн өр/ДНБ-ий харьцаа мэдэгдэхүйц буурч, гадаад цэвэр өрийг бууруулахад нөлөөлж байгаа юм. Fitch агентлаг нь хамгийн сүүлийн байдлаар буюу 2024 оны 2-р сарын байдлаар Монгол улсын үнэлгээг 'B' буюу тогтвортой гэж үнэлээд байгаа юм. Цаашид стратегийн уул уурхайн төслүүд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг тасалдуулж болзошгүй мэдэгдэхүйц өөрчлөлт гарах эрсдэл харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч Монгол улсын нийт экспортын 90 хувь орчмыг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Нийт уул уурхайн бүтээгдэхүүний 90 хувь орчмыг БНХАУ-руу экспортолдог. Мөн уул уурхайн салбарын экспорт улсын төсвийн орлогын 1/3-ээс илүү хувийг бүрдүүлдэг нь түүхий эдийн мөчлөгтэй холбоотой эрсдэлүүдтэй өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.
  3. Дэлхийн банкны 2024-2025 оны улс орнуудын орлогын түвшний ангиллын тайлан 2024 оны 7-р сарын 1-ний өдөр нийтлэгдлээ. Дэлхийн банк нь улс орнуудыг бага орлоготой, дунджаас доогуур орлоготой, дунджаас дээгүүр орлоготой, өндөр орлоготой гэж 4 ангилдаг. Тус тайланд Монгол улсын орлогын ангилал дунджаас доогуур хэсэгт харьяалагддаг байсныг ахиулж дунджаас дээгүүр ангилалд оруулжээ. Энэ нь Монгол улс 2014 оноос хойш анх удаа дунджаас дээгүүр ангилалд харьяалагдаж буй үйл явдал юм. Дэлхийн банкны тайланд "Монгол улсын эдийн засаг цар тахлын сөрөг нөлөөг давж эдийн засаг нь өсөлт үзүүлсээр байна. Тус улсын бодит Дотоод нийт бүтээгдэхүүн 2023 онд 7.0 хувийн өсөлт үзүүлсэн. Уг өндөр өсөлт нь уул уурхайн салбар тус онд 23.4 хувийн өсөлт үзүүлснээс үүдэлтэй. Олон улсын зах зээлд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өссөн нь уул уурхайн салбарын өндөр өсөлтөд гол нөлөө үзүүлсэн."

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 1.95 хувь, DJIA индекс 0.66 хувь, NASDAQ Composite индекс 3.50 хувь тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн гол хоёр үзүүлэлт болох 6-р сарын эдийн засагт шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо болон ажилгүйдлийн түвшний мэдээлэл өнгөрөгч 7 хоногт мэдээлэгдлээ. 6- сард АНУ-ын эдийн засагт 206,000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь Валл Стрийтийн дийлэнх шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо. Шинжээчдийн таамгийн эвдсэнийг эс тооцвол тус үзүүлэлт нь сүүлийн саруудад бууралттай байгаа юм. АНУ-ын 6-р сарын ажилгүйдлийн түвшин сарын өмнөх үеэс 0.1 хувиар өсөж 4.1 хувьд хүрлээ.
  3. АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлдэг индикатор болох 6-р сарын PMI үзүүлэлт өнгөрөгч 7 хоногт мэдээлэгдлээ. Үйлдвэрлэлийн бус PMI үзүүлэлт 6-р сард 47.3-т хүрч нь өмнөх саруудаас өндрөөр буурсан үзүүлэлт боллоо. Харин S&P Global Composite PMI үзүүлэлт 54.8-д хүрсэн нь шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Их Британийн бүх нийтийн сонгуульд Хөдөлмөрийн нам (Labour Party) олонхын санал авч ялалт байгууллаа. Хөдөлмөрийн нам ялснаар Их Британийн Сангийн сайдаар Рэйчел Ривз томилогдох буюу анхны эмэгтэй Сангийн сайдтай болох магадлал өндөр байна. Евро бүсийн хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 1.01 хувь, FTSE 100 индекс 0.49 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард "Инфляцын түвшний ирээдүйн төлөв, цалингийн үнийн өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмжийн болон эдийн засаг нийлүүлэлтийн хүлээлт зэрэг хэд хэдэн чухал үзүүлэлтүүдэд тодорхойгүй хэвээр байна." хэмээн өнгөрөгч 7 хоногт Португал улсад болсон уулзалтын үеэр онцоллоо.
  3.  Франц болон Герман улсуудын эдийн засгийн идэвхжил сул байна. Сүүлийн байдлаар тус хоёр улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэл хоёул бууралттай байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын иений ханш суларсаар байгаа нь экспортын дүн болон тус улсын экспортоор орлого олдог томоохон компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлж байгаа билээ. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.36 хувь, TOPIX индекс 2.65 хувийн тус тус өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчиллээ. 
  2. Япон улсын 2024 оны 1-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт шинэчилсэн мэдээллээр 2.9 хувь агшсан үзүүлэлттэй гарлаа. Тус улсын 1-р улирлын анхы тооцоолол 1.8 хувь агшсан үзүүлэлттэй харьцуулахад шинэчилсэн тооцоолол огцом буурсан үзүүлэлт болж байна.
  3. Япон улсын хамгийн том холбооны нэг Ренго тус улсын хөдөлмөрийн зах зээлийн ажилчдын цалин энэ онд дунджаар 5.1 хувиар өсөх төлөвтэй байгааг мэдээллээ. Энэ нь сүүлийн 33 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлтүүд сөрөг гарч буй нь эдийн засгийн өсөлт удааширч болзошгүй байгаа дохиог зах зээлд өглөө. Энэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад өнгөрөгч 7 хоногт сөргөөр нөлөөллөө. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.59 хувь, CSI 300 индекс 0.88 хувь тус тус бууралттай хаагдлаа. 
  2. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 6-р сард бууралттай гарлаа. Энэ нь тус салбарын идэвхжил хоёр сар дараалж буурсан үзүүлэлт болж байна. Тодруулбал, Caixin/S&P Global үйлдвэрлэлийн салбарын PMI 51.8 -аас буурч 51.7-д хүрлээ.
  3. БНХАУ-ын шилдэг 100 орон сууцны барилгын компанийн шинэ орон сууцны борлуулалт 6-р сард жилийн өмнөх үеэс 17 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news