МХБ I УЛИРАЛД 49.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС АРИЛЖСАНЫ 90 ХУВЬ НЬ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА БАЙВ
Монголын Хөрөнгийн бирж I улиралд нийт 49.2 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсаны 90 хувь нь хувьцааны арилжаа байна.
Оны эхний улиралд нийт 29.1 тэрбум төгрөгийн хувьцаа хоёрдогч зах зээлд, 15.2 тэрбум төгрөгийн хувьцаа анхдагч захад тус тус арилжсан байгаа юм.
2018 оны мөн үед Монголын Хөрөнгийн бирж 42 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас арилжиж байсан ч дийлэнх хувь нь буюу бараг 60 орчим хувь нь Засгийн газрын үнэт цаасны арилжаа байжээ.
Харин энэ онд Засгийн газрын үнэт цаасны арилжаа нийт арилжааны 10 хүрэхгүй хувийг бүрдүүлсэн байна. Мөн өнгөрсөн оны эхний улиралд “ЛэндМН ББСБ” компани IPO гаргаж, олон нийтээс таван тэрбум төгрөг татан төвлөрүүлж байсан юм.
Харин энэ онд “Түмэн шувуут” болон “Ард даатгал” компаниуд хөрөнгийн захаас нийт 15 тэрбум төгрөгийн санхүүжилт авч чаджээ. Цаашид хөрөнгийн захад хөл тавихаар зөвшөөрлөө хүлээж байгаа хэд хэдэн компани байгааг ойрын эх сурвалжууд мэдээлж байна.Ирэх даваа гарагт “Монос хүнс” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ.
Хувьцааны хоёрдогч захын арилжааг илүү дэлгэрэнгүй харвал, идэвхтэй арилжсан 20 компанийн хувьцааны арилжаа нийт арилжааны 98.9 хувийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл хувьцааны хоёрдогч захад оны эхний улиралд 29.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн ч АПУ, “ЛэндМН ББСБ”, “Хөвсгөл алтан дуулга” тэргүүтэй цөөн хэдэн компанийн арилжаа идэвхтэй байгаа юм.
Эх сурвалж: BloombergTv.mn