МХБ: ӨДРИЙН ДУНДАЖ АРИЛЖАА ӨМНӨХ ОНООС 21.5 ХУВИАР ӨСЧ, 373 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН
Монголын хөрөнгийн биржийн өдрийн дундаж арилжаа өмнөх оноос 21.5 хувиар өсөж, 373 сая төгрөгт хүрлээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд тогтмол өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 2014 онд Монголын хөрөнгийн биржид хийгдэж байсан өдрийн дундаж арилжааны дүн 95 сая төгрөг байсан аж. Үүнээс хойш жил бүр дунджаар 40 орчим хувиар өсч иржээ. Энэ онд хувьцааны арилжаа нэмэгдэхэд олон шинэ бүтээгдэхүүн гарч, анхдагч зах зээлийн арилжааны идэвх өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн энэ онд хийсэн өндөр дүнтэй хувьцааны анхдагчийн арилжаанаас “Мандал даатгал” компанийн 7.5 тэрбум төгрөг, “Монгол базальт” компанийн 6.4 тэрбум төгрөгийн арилжааг хийжээ. Жил гаруйн өмнөөс ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа зогссонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчид хувьцаа сонирхох хандлагатай байна гэж үнэт цаасны компаниуд онцолж байсан юм.
Эх сурвалж: BloombergTv.mn