МОНГОЛБАНК: 2018 ОНЫ ЭЦЭСТ ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 200-300 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2018 оны сүүлийн хоёр улиралд Засгийн газарт хүлээгдэж буй томоохон өр төлбөр байхгүйг Монголбанк мэдээлж байна. Энэ нь гадаад валютын албан нөөцөд дарамт учруулахгүй, төгрөгийн ханш тогтвортой байх нэг хүчин зүйл болж байгааг Төв банк онцолж байгаа юм. Татварын орлого өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрчимжсэн 2018 онд Засгийн газар үндсэн төлбөрт 2.6 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөгийн өр төлбөр барагдуулах шаардлагатай. Үүнээс 2.7 их наяд төгрөгийг оны эхний долоон сарын байдлаар төлж барагдуулаад байна. Оны эхний хагас жилд төлсөн өр төлбөрт "Чингис" бонд, "Дим Сам" бондын төлбөрүүд багтаж байгаа юм.
Харин орох урсгалын хувьд Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд 836 сая ам.доллар Монгол Улсад үе шаттайгаар орж ирнэ. Энэ нь өнгөрсөн оноос 100 орчим сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Үүнээс гадна олон улсын байгууллага, донор орнуудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд 2020 он хүртэл үе шаттайгаар орж ирэх юм.
Төв банкны мэдээлснээр төлбөрийн тэнцэл оны эцэст 200-300 сая ам.долларын ашигтай гарах төлөвтэй байна. Ингэснээр гадаад валютын албан нөөц энэ хэмжээгээр нэмэгдэх боломжтой ажээ. 2018 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн он мөн үеэс 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Эх сурвалж: BloombergTv.mn