МОНГОЛБАНК: ИНФЛЯЦИ ЗОРИЛТОТ 8 ХУВИЙН ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Инфляц 2017 онд эрчимжиж байсан бол ирэх онуудад тогтворжихоор байгааг Монголбанкны инфляцын төлөв байдлын тайланд онцолж байна. Улирлын хандлагаа даган махны үнэ 2018 оны эхний хагаст нэмэгдэж, оны сүүлийн хагаст буурах хэдий ч 2017 оноос багаар хүнсний инфляцыг өсгөхөөр байгаа гэж онцолжээ. 2017 онд зарим татвар нэмэгдэж, хэрэглээний сагс шинэчлэгдсэн болон хатуу түлшний үнэ огцом нэмэгдсэн нөлөө 2018 оны I улирлаас эхлэн арилж, хүнсний бус инфляцыг бууруулах нөлөө үзүүлэхээр байна. Эдийн засгийн идэвхжлийг даган эрэлтийн шалтгаантай инфляц алгуур нэмэгдэхээр байгаа ч нэг удаагийн шинжтэй болон зарим нийлүүлэлтийн шалтгаантай инфляц буурч, цаашид инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлж байсан уул уурхайн бус салбаруудын өсөлт 2018 оноос саарах бол уул уурхайн салбарын өсөлт эрчимжихээр байгаа ажээ. 2018 онд худалдааны нөхцөл сайжирч, “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмал дахь металлын агууламж сэргэснээр уул уурхайн салбарын өсөлт өмнөх оноос нэмэгдэхээр байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон хувийн секторт олгох зээлийн хэмжээ нэмэгдэж, уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл үргэлжлэн идэвхжих хэдий ч өсөлт нь цаашид алгуур саарах төлөвтэй байна.
Эх сурвалж: BloombergTv.mn