МОНГОЛООС АНУ-Д ТАТВАРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГСӨН КОНГРЕССЫН ДҮГНЭЛТ
АНУ-ын Конгресст Монгол Улсын гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн бариад байна. Энэхүү хуулийн төсөлд Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох тухай тусгаснаараа онцлог юм.
Төсөлд хийсэн Конгрессын урьдчилсан судалгааны дүгнэлтэд "Монгол Улс АНУ-тай гурав дахь хөршийн харилцаагаа бэхжүүлэх эрмэлзлээ батлан харуулсан. Монголын ардчиллын амжилт, стратегийн ач холбогдолтой байрлал, хараат бус гадаад бодлого нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал" гэж тодотгосон байна. Мөн Монгол Улс АНУ-ыг хамгийн чухал гуравдагч хөршөөр тодорхойлдог ч хоёр улсын худалдаа сүүлийн жилүүдэд буурсан. Худалдааны эргэлт 2012 онд 707 сая ам.доллар байсан бол 2017 онд 82 сая ам.доллар болсон"-ыг төслийн танилцуулгад дурджээ. Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монголын ноолууртай нягт холбогдож байна.
Монгол Улс дэлхийн боловсруулаагүй ноолуурын гуравны нэгийг нийлүүлдэг ч эцсийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалтгүй гэж дүгнэжээ. Монгол Улс боловсруулаагүй ноолуурынхаа дийлэнхийг БНХАУ-д гаргадаг. Харин АНУ бараг бүх ноолууран бүтээгдэхүүнээ БНХАУ-аас импортолдог байна. Иймээс Монголоос ноолууран болон бусад нэхмэл бүтээгдэхүүн импортлох нь Монгол Улс АНУ-ын худалдааны харилцааг сайжруулж, БНХАУ-ын импортыг бууруулахад түлхэц болно гэж тооцоолжээ.
Хуулийн төсөлд зааснаар тарифаас чөлөөлөгдөх бүтээгдэхүүний жингийн 23-аас багагүй хувийг ноолуурын орц бүрдүүлэх ёстой. Эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлын 51-ээс доошгүй хувь нь ноолуурын гаралтай орцод зарцуулагдсан байх шаардлагатай юм. Эхлээд төлөөлөгчдийн танхимаар зөвшөөрч, Сенатаар баталгаажсанаар АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурвал хууль батлагдах ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж байгаа бөгөөд албан уулзалтууд 9-р сарын 20-нд товлогдсон байна. Энэхүү айлчлалын өмнөхөн АНУ-ын Конгрессын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэр энэхүү хуулийн төслийг хөнджээ. Хуулийн төсөл батлагдвал 30-40 мянган монгол эмэгтэй ажлын байртай болох тооцоотой байгааг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлсэн юм.
Эх сурвалж: BloombergTv.mn