МҮЦБ: “АНД ЭНЕРГИ” ХК IPO ГАРГАСНААС ХОЙШ 103 САЯ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙГДСЭН
Лед гэрэл үйлдвэрлэгч “Анд Энерги” ХК 2017 оны 11 дүгээр сард IPO гаргаснаас хойш 71 удаагийн арилжаагаар 103 сая төгрөгийн гүйлгээ хийгдээд байгааг Монголын Үнэт Цаасны Бирж мэдээллээ. Гурван сар гаруйн хугацаанд хувьцааны ханш нь 26.7 хувиар унаад байгаа юм. Ингэснээр хамгийн сүүлийн байдлаар нэгж хувьцаа нь 44 төгрөг боллоо. Тус компани нийт татан төвлөрүүлсэн 1.6 тэрбум төгрөгийн 50 орчим хувийг үйлдвэрийн барилга байгууламжид, 17 хувийг тоног төхөөрөмжид, 15 хувийг механик цех барих зардалд тусгахаар тооцоолжээ. Барилгын ажлыг энэ оны гурав, дөрөвдүгээр сарын үед эхлүүлж, III улиралд ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаагаа тус компани мэдээлсэн юм.
“Анд Энерги” компани 2014 оны есдүгээр сараас “Эрдэнэт LED” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийн Гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын үеэр "Бүтээгдэхүүнээ I улиралд багтан Улаанбаатар хотод борлуулж эхлэх" талаар мэдэгдэж байсан юм.
“Анд Энерги” компанийн ТУЗ-ын хурал энэ сарын 24-ны өдөр болох бөгөөд хурлаар 2017 оны жилийн эцсийн тайланг хэлэлцэж, ногдол ашиг хуваарилах эсэх, компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах талаар хэлэлцэхээ мэдэгдээд байгаа юм. Мөн цаашдын бизнес төлөвлөгөөг баталж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа товлох ажээ.
Эх сурвалж: BloombergTv.mn