ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.06.13 - 2022.06.17
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.929% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 7.011% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 6.188% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.018% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 7.904% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 20.136% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 33.364% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 7.901% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 7.887% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) өндөр инфляцын эсрэг бодлогын хүүг 1994 оноос хойших хамгийн өндөр түвшинд буюу 0.75 нэгжээр өсгөж, 1.75 хувьд хүргэсэн нь зах зээлд эдийн засгийн хямрал үүсэх хүлээлтийг үүсгэж үүний үр дүнд АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "S&P 500 index" нь 3,674.84 нэгжид хүрсэн нь 2022 оны 1-р сарын дээд цэгээсээ 24%-аар буурсан үзүүлэлт болоод байна.
- АНУ-ын орон сууцны салбар ХНС-ийн мөнгөний хумих бодлого баримталж байгаа болон ипотекийн зээлийн хүүгийн өсөлтийн нөлөөнд автаж эхлээд байна. Тодруулбал, АНУ-д барилга барих зөвшөөрөл 5-р сард 7%-аар буурсан. Мөн орон сууцны барилгын ажил 14.4%-аар буураад байгаа нь 2020 оны цар тахал эхэлснээр хойших хамгийн их бууралт болоод байна.
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өнгөрөгч 7 хоногт 3.49%-д хүрсэн нь 2011 оноос хойших хамгийн өндөр түвшин боллоо. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй.) ХНС-ийн тэргүүн эдийн засгийн өөдрөг хүлээлтийнхээ талаар дурдсан мэдэгдлийн дараагаар АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.24%-д хүрч буурсан.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Хөгжингүй улс орнуудын төв банкнууд бодлогын хүүгээ өнгөрөгч 7 хоногт өсгөсөн нь Европын зах зээлд эдийн засгийн удаашралын хүлээлтийг үүсгэж улмаар Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600 Index" 4.60%, "Germany’s DAX Index" 4.62%, "France’s CAC 40 Index" 4.92%, "Italy’s FTSE MIB Index" 3.36% болон "UK’s FTSE 100 Index" 4.12%-ийн тус тус бууралттай байсан.
- Швейцарийн төв банк бодлогын хүүгээ гэнэтийн байдлаар өнгөрөгч 7 хоногт нэмсэн. Швейцарийн төв банк инфляцын өсөлтийг намжаахын тулд сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ гэнэтийн байдлаар хагас нэгжээр нэмэгдүүлж -0.25% болгосон. Одоогоор тус улсын төв банк нь инфляцын таамаглалаа их хэмжээгээр нэмэгдүүлээд байгаа бөгөөд цаашид үүсэх хүүгийн өсөлтийг үгүйсгэх аргагүй болохыг мэдэгдээд байна.
- Английн төв банк үндсэн хүүгээ 0.25 суурь нэгжээр өсгөж 1.25%-д хүргэв. Нийт бодлого боловсруулагч 9 гишүүнээс 3 гишүүн нь 50 суурь нэгжээр өсгөх санал өгсөн байна. Албан ёсны мэдээллээр ИБНВУ-ын эдийн засаг 3-р сард 0.1%-аар буураад байсан бол 4-р сард хүлээлтээс өөр байж 0.3%-аар буурсан байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "Nikkei 225 Index" 6.69%, "TOPIX Index" 5.52%-аар буурсан. ХНС-аас 1994 оноос хойших хамгийн их түвшинд бодлогын хүүгээ өсгөсөн нь эдийн засгийн хямралын айдсыг хөрөнгө оруулагчдад төрүүлж улмаар зах зээл бууралттай байсан. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.24%-д (0.25% байсан) хүрч бага хэмжээнд буурав. Ам.доллар иений харьцах ханш 134.3-д хүрч бага хэмжээнд чангарсан.
- Япон улсын төв банк инфляцын богино хугацааны хүлээлт өссөн байгаа хэдий ч дунд болон урт хугацааны инфляцын хүлээлт хэвийн болохыг мэдэгдсэн. Мөн зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа тул санхүүгийн зах зээл болон валют хөрвүүлэлт (foreign exchange), тэдгээрийн Япон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зохих хэмжээнд анхаарлаа хандуулах шаардлагатай болохыг мэдэгдээд байна.
- Тус улсын Сангийн яамны мэдээлснээр Япон улсын импорт нь түүхий эдийн үнийн өсөлт болон иений ханшийн сулралтай холбоотойгоор 2022 оны 5-р сар хүртэлх хугацаанд 48.9%-д хүрч өссөн байна. Импортын хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа иений ханшийн сулралыг Японы төв банк эдийн засагт муугаар нөлөөлж байгааг дурдсан хэдий ч төв банкны эцсийн зорилго нь валютын ханшийн хөрвүүлэлт чангарах биш болохыг дурдсан.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт ихээр хийгдэх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд эдийн засаг эргэн хэвийн байдалдаа орох хүлээлтийг үүсгэж улмаар тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. "Shanghai Composite Index" 1.0%, "CSI 300 Index" 1.4%-аар тус тус өссөн. "CSI 300 Index" өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байсан нь сүүлийн 3 сарын хугацааныхаа дээд түвшинд очсон үзүүлэлт болсон.
- Өнгөрсөн 7 хоногт юанийн ам.доллартой харьцах ханш 6.70-д хүрсэн бөгөөд юанийн ам.доллартой харьцах ханш ерөнхийдөө тогтвортой байлаа. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж ХНС-аас бодлогын хүүгээ өсгөсний дараа 2.83%-д хүрч өссөн.
- БНХАУ-ын эдийн засаг сайжрах хүлээлттэй байна. 5-р сард аж үйлдвэрлэл буурах хүлээлттэй байсан хэдий ч бага хэмжээнд өссөн. Шанхай болон бусад бүс нутагт вирусийн хязгаарлалтыг зөөлрүүлж, үйлдвэрлэлийг аажмаар сэргээх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь худалдааны салбарыг дэмжих хүлээлтийг нэмэгдүүлж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19