SAUDI ARAMCO: ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН САЛБАРТ 20 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ
Ойрын 25 жилд дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарт 20 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно гэж “Saudi Aramco” компанийн Гүйцэтгэх захирал Амин Нассер мэдэгдлээ. 2014-2016 онд газрын тосны ханш буурсны улмаас энэ салбар нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалтаа алдсан байна. Тиймээс ирээдүйд газрын тосны эрэлт тасрахгүйг ойлгож, хөрөнгө оруулагчдыг эргэж татах нь маш чухал байгааг Амин Нассер онцолжээ. Тэрбээр цахилгаан автомашины зах зээл тэлж байгаа ч ойрын 20 гаруй жилд шатахууны зах зээлийн эрэлт өсөх тул энэ салбарт нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзэж байгаа аж. Суудлын автомашинуудын 99 хувь нь дотоод шаталтат хөдөлгүүртэй бөгөөд хосолмол хөдөлгүүртэй автомашинууд ч багтаж байгаа юм. Мөн зайгаар явдаг автомашинуудын цахилгаан үүсгүүрт нүүрсийг түлхүү ашиглаж байгаа хэвээрээ байгаа аж. Ялангуяа Энэтхэг, БНХАУ-ын зах зээлд ийм байгаа гэдгийг “Saudi Aramco”-ийн Гүйцэтгэх захирал онцоллоо. Мөн тэрбээр “Saudi Aramco”-ийг нээлттэй компани болохоор төлөвлөж байгааг хэлсэн юм. Тус компанийн хувьцааг олон нийтэд арилжаалах эсэхийг тус компанийн хувьцааны таван хувийг эзэмшигч Саудын Арабын Засгийн газар шийдвэрлэх болно.
Эх сурвалж: BloombergTv.mn