СҮҮЛИЙН 3 ЖИЛД 7 КОМПАНИ ХӨРӨНГИЙН ЗАХААС 60.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
Сүүлийн гурван жилийн хугацаанд хөрөнгийн захаас нийт долоон компани 60.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлээд байна. Харин 2005 оноос хойш 20 компани 116.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татсан талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Компани хувьцаагаа анх олон нийтэд санал болгохдоо эсвэл нэмж хувьцаа гаргахдаа татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөөг танилцуулдаг. Харин санхүүжилт татсаны дараа ТУЗ-ийн хурлаар энэ төлөвлөгөөгөө шинэчлэн баталдаг байна. Өөрөөр хэлбэл олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсний дараа ямар нэг шалтгаанаар төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэхүү хөрөнгийн зарцуулалтыг дахин шинэчлэх боломжтой юм.
Өнгөрсөн хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс санхүүжилт татсан компаниудаас “Монгол шуудан” компаниас өөр зөрчил гаргасан компани байхгүй гэж мэдээллээ. “Монгол шуудан” компани 2015 онд нэмж хувьцаа гаргаж, 6.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн боловч үүнийг зориулалтын бусаар зарцуулсан учир Санхүүгийн зохицуулах хороо торгууль тавьж байжээ.
Компаниудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг мэргэжлийн байгууллагууд тогтмол шалгадаг. Ялангуяа хөрөнгийн захад шинээр бүртгүүлсэн компаниудын тайлагнал сайн байгааг Монголын Хөрөнгийн бирж онцолж байна. Тухайлбал, Дархан хотод модульяр дата төв байгуулахаар 1.3 тэрбум төгрөг олон нийтээс татан төвлөрүүлсэн “Ай түүлс” компанийн барилгын ажил дуусаж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд сар орчмын хугацаа үлдээд байгааг мэдээллээ.
Мөн “Анд энерги” компани шинэ үйлдвэрийнхээ ажлыг энэ сард эхлүүлээд байна. Ингэснээр энэ оны наймдугаар сарын 10-нд барилгын ажлаа дуусгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.
Үүнээс гадна “ЛэндМН” компани татан төвлөрүүлсэн нийт хөрөнгийн 12 хувийг зээлийн үйл ажиллагаандаа ашиглаж, I улиралд 475 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь 2017 оны нийт ашгаас 20 дахин өссөн үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: BloombergTv.mn