WORLD ECONOMICS: МОНГОЛ УЛСЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС 5 САР ДАРААЛАН БУУРЛАА
11-р сард Монгол Улсын эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор борлуулалтын менежерүүдийн индекс огцом буурсан гэж “World Economics” байгууллага мэдээллээ.
2018 он гарснаас хойш зургаан сар дараалан өсөөд байсан энэхүү индекс сүүлийн таван сарын турш унахад бизнесийн итгэл буурсан нь голлон нөлөөлсөн гэж тус байгууллага үзэж байгаа юм. Мөн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь энэхүү индекст сөргөөр нөлөөлсөн байна. Тухайлбал, шатахуун, цахилгаан, хүнсний үнэ огцом нэмэгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн идэвхжил саарахад нөлөөлсөн гэж “World Economics” дүгнэжээ. Харин БНХАУ нүүрсний импортоо хязгаарласан нь төдийлөн нөлөөлөөгүй гэдгийг тайландаа онцолсон байна.
“Монгол Улсын эдийн засгийн идэвхжил буурсан нь богино хугацааны өөрчлөлт. Харин урт хугацаагаар авч үзвэл эдийн засаг эрчимжиж, шинэ ажлын байр нэмэгдэж байгаа нь эерэг үзүүлэлт” гэдгийг тайландаа дурджээ. Өөрөөр хэлбэл сүүлийн таван сар дараалан унасан борлуулалтын менежерүүдийн индекс өсөлтийн бүсэд хадгалагдсаар байгаа юм.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж