АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өнгөрсөн долоо хоногт дахин уналт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 0.88 хувь, S&P 500 индекс 0.30 хувь, Nasdaq Composite индекс 0.28 хувь, S&P MidCap 400 индекс 0.38 хувь, Russel 2000 индекс 0.38 хувиар тус тус буурсан байна. Хөрөнгө оруулагчид богино хугацаанд мөнгөний бодлого чангарах хүлээлттэй байгаатай холбоотой богино хугацаат ЗГҮЦ-ны ханш буурч, өгөөж өсөлттэй байсан бол зах зээлийн эрсдэлийн хүлээлт нэмэгдэж буйтай холбоотой урт хугацааны ЗГҮЦ-ны ханш өсөж, өгөөж бууран 10 жилийн хугацаатай АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөж Баасан гарагийн байдлаар 1.74% болсон байна. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) зах зээлийн хүлээлтээс илүү хурдтайгаар мөнгөний бодлогыг чангатгах дохио өгсөнтэй холбоотой Европын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Европын зах зээлийн бүхэлд нь хамрах STOXX Europe 600 индекс 1.00 хувь, Францын CAC 40 индекс 1.06 хувь, Германы Xetra DAX индекс 0.40 хувь, Италийн FTSE MIB индекс 0.27 хувиар тус тус бууралтай байсан бол ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.77 хувиар өссөн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрөгч долоо хоногт Япон улсын хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 1.24 хувь, TOPIX индекс 0.90 хувиар тус тус бууралттай байлаа. Энэхүү бууралтад АНУ-ын ХНС-аас мөнгөний бодлогыг чангатгах хүлээлт болон Токио хотноо коронавирусын халдварын дараагийн давлагаа эхэлж байгаа нь нөлөөлжээ. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.15% болж нэмэгдсэн бол иений ам.доллартай харьцах ханш 113.8 болж чангарсан байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр дахин санхүүжилтийн асуудлууд үүсээд байгаатай холбоотой БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналттай байлаа. Shanghai Composite индекс 1.6 хувь, CSI 300 индекс 2.0 хувиар тус тус буурсан байна. БНХАУ-ын томоохон банкууд үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд санхүүжилт олгохоо зогсоогоод байгаа ба үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан захиалгын эрэлт байхгүй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн компаниуд зээлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж эхлээд байна.
|