ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.01 - 2022.08.05
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, ТОП-20 индекс 34,715.45 нэгжид хүрч, 0.02%-ийн бууралттай хаагдсан.
- Монгол төгрөг 7 хоногт ам.долларын эсрэг 0.29%-иар суларч, 1ам.доллар 3,177.32 төгрөгтэй тэнцлээ. БНХАУ-ын юанийн эсрэг мөн 0.02%-иар суларч, 470.91-д хүрлээ. Ам.доллар чангарсаар байгаад АНУ-ын Холбооны Нөөцийн Банк (ХНБ) өндөр инфляцыг бууруулахаар бодлогын хүүгээ өсгөөд буй нь гол нөлөөг үзүүлж байна.
- Монголбанк 2022 оны 7 дугаар сард 1,759.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 9.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 хувиар буурсан үзүүлэлт юм.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 7-р сарын ажилгүйдлийн түвшин хүлээлтээс доогуур гарсан нь Холбооны Нөөцийн Банкийг (ХНБ) инфляцын эсрэг дахин бодлогын хүүг өсгөнө гэх хүлээлтийг зах зээлд үүсгэлээ. Үүнтэй холбоотойгоор хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа.
- АНУ-ын ажил олгогчид өнгөрсөн сард 528,000 ажлын байр бий болгосон нь шинжээчдийн 250,000 гэж хүлээлтээс хол давсан үзүүлэлт байлаа. Ажилгүйдлийн түвшин 3.5%-д хүрч буураад байгаа нь цар тахлын өмнөх үе буюу 2020 оны 2-р сарынхтай адил хэмжээнд хүрсэн үзүүлэлт болоод байна.
- ХНБ-ны тэргүүн 7-р сарын хурлын үеэр ажилгүйдлийн түвшин бага байгаа учраас инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүг дахин өсгөх боломжтой хэмээн мэдэгдээд байсан билээ. Ийнхүү 7-р сард ажилгүйдлийн түвшин буурч 3.5%-д хүрсэн нь бодлогын хүү дахин өсөх хүлээлтийг зах зээлд нэмэгдүүллээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Төв банкнууд өндөр инфляцыг бууруулахаар дахин бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаа нь Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд холимог өгөөжтэй байхад нөлөөллөө. 7 хоногт “STOXX Europe 600" индекс 0.59%-иар буурсан бол бусад гол индексүүд өсөлттэй хаагдсан.
- Английн төв банк 7 хоногт үндсэн хүүгийн түвшнийгээ 0.5%-иар өсгөж, 1.75% болгосон нь сүүлийн 27 жилийн хамгийн ихээр өсгөсөн хүүгийн түвшин боллоо. Эрчим хүчний төрлийн түүхий эдийн үнэ өсөж, инфляц нэмэгдэх төлөвтэй байгаа нь хүүгийн түвшин өсгөх гол шалтгаан болсон.
- Евро бүсийн ажилгүйдлийн түвшин 6-р сард өөрчлөлтгүй буюу 6.6% гарч түүхэн доод хэмжээндээ хэвээр байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. “Nikkei 225” индекс 1.35%, “TOPIX” индекс 0.35%-ийн тус тусын өсөлттэй хаагдсан. Хувьцааны зах зээл өсөлттэй байсанд хувьцаат компаниудын эхний хагас жилийн ашигт ажиллагаа сайн байсан нь гол нөлөөг үзүүлсэн.
- Япон улсын засгийн газар 2022 онд цалингийн доод хэмжээгээ нэмэхээр болов. Япон улсын төв банк инфляцын түвшинг зорилтот 2%-д барихад цалингийн доод хэмжээг нэмэх шаардлагатай хэмээн үзэж байна.
- Япон улсын 7-р сарын худалдан авалтын менежерүүдийн нийлмэл индекс (PMI) хувийн хэвшилийн компаниудын үйлдвэрлэл зогсонги байдалтай байгааг харууллаа. Тус улсын эдийн засгийн хэтийн төлөвийн сул байдал, өндөр инфляц, иений ханшийн сулрал, геополитекийн эрсдэл зэрэгт хувийн хэвшилийн компаниуд сана зовьнож байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Геополитикийн хурцадмал байдал, ипотекийн зээлийн бойкот (boycotts) болон эдийн засгийн таагүй байдал зэргийн улмаас БНХАУ-ын хөрөнгийн зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Shanghai Composite" индекс 0.8%, "CSI 300" индекс 0.3% тус тус 7 хоногт унасан.
- АНУ-ын төлөөлөгч Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг эсэргүүцэж БНХАУ-ын арми цэргийн сургуулилтынхаа үеэр Тайванийн ойролцоо усан хил рүү пуужин харваж, зарим пуужингуудаа Тайпей хотын дээгүүр нисгэж хариу арга хэмжээ 7 хоногт авсан. Мөн Пелоси болон түүний гэр бүлд хориг арга хэмжээг БНХАУ-ын зүгээс аваад байна. Энэ эь АНУ болон БНХАУ-ын хооронд хурцадмал байдал үүсэж болзошгүйн дохио боллоо.
- "China Index Academy” судалгааны байгууллагын мэдээлснээр БНХАУ-ын 7-р сарын шинэ орон сууцны үнэ болон борлуулалтын хэмжээ 6-р сарынхаас бууралттай гарчээ. Орон сууц худалдан авагчид дуусаагүй төслүүдэд ипотекийн зээлийн төлбөрөө төлөхөө зогсоож байгаа нь БНХАУ-ын үл хөдлөхийн салбарт сөргөөр нөлөөлөөд байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19