{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.22 - 2022.08.26

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.22 - 2022.08.26


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 35,347 нэгжид хүрч, 1.90%-иар буурсан. 7 хоногт нийт 1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн. Үүнээс хувьцааны арилжаа 0.9 тэрбум төгрөг, сангийн нэгж эрхийн арилжаа 44 сая төгрөгөөр тус тус хийгдсэн.
  2. Монголбанк 2023 оны эхний хагаст инфляцын түвшнийг 8%-д хүргэж бууруулах төсөөлөлтэй байгаа бөгөөд инфляцын түвшин төсөөллийн дагуу буурвал бодлогын хүүг өсгөхгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ. Харин бусад тохиолдолд мөнгөний бодлогыг хатууруулах болохыг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь Монгол улсын хувьцааны зах зээлийн бууралтад гол сөрөг нөлөөг үзүүлсэн. Учир нь инфляцын түвшин Монголбанкны хянаж чадахгүй олон хүчин зүйлээс хамаарч байна.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.17%-иар суларч, 1 ам.доллар 3,196.55 төгрөгтэй тэнцсэн. Харин БНХАУ-ын юанийн эсрэг 0.55%-иар чангарч, 1 юань 465.87 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны Нөөцийн Банк (ХНБ) АНУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулахгүйгээр, инфляцыг дарж чадна гэх өөдрөг хүлээлт 7 хоногт буурж, АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай хаагдлаа. Хувьцааны зах зээлээс технологийн салбарын хувьцаанууд 7 хоногт хамгийн их бууралттай байсан. Технологийн "Nasdaq Composite" индекс 8-р сарын хамгийн доод цэгтээ очсон. 
  2. 7 хоногийн Баасан гарагт Жексон Хоулд болсон симпозиумд ХНБ-ны тэргүүн инфляцыг намжаахын тулд бодлогын хүүг өндрөөр ихэсгэж болзошгүй талаараа дурдсан нь хувьцааны зах зээлийн уналтад шууд нөлөөлсөн. Учир нь тэрээр эдийн засгийн сэргэлтийн үндэс бага инфляцын түвшнээс эхэлнэ гэж үзэж байна. Манай шинжээчид ХНБ бодлогын хүүг 2022 ондоо багтаан 4%-иас өсөх магадлал бага гэж үзэж байна. 
  3. S&P Глобал үйлчилгээ болон үйлдвэрлэлийн "PMI" индексүүд 7 хоногт хүлээлтээс доогуур гарсан нь АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв удааширч байгаагийн илрэл боллоо. 7-р сарын шинэ орон сууцны борлуулалт 6 дах сараа дараалан буурсан мэдээлэл 7 хоногт мэдээлэгдсэн. Эдгээр үзүүлэлтүүд нь иргэдийн хэрэглээний зардал багассан болон бага орлоготой байгаатай холбоотойгоор буурсан байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Дэлхийн томоохон орнуудын төв банкнууд өндөр инфляцын эсрэг бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаа нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ. "STOXX Europe 600" индекс 2.58%, "Germany’s DAX" индекс 4.23%, "France’s CAC 40" индекс 3.41%, "Italy’s FTSE MIB" индекс 2.84%, "UK’s FTSE 100" индекс 1.63%-иар тус тус буурлаа. 
  2. ОХУ-ын төрийн өмчит байгалийн хийн үйлдвэрлэгч Газпром Европ руу чиглэсэн "Хойд урсгал 1" дамжуулах хоолойг засвар үйлчилгээтэй холбоотой цаашид хаах тухай мэдэгдсэний дараа байгалийн хийн үнэ 7 хоногт өслөө. Уг хоолой засвартай холбоотойгоор сүүлийн үед нийт боломжийнхоо 20%-тай тэнцэхүйц хэмжээг Европт нийлүүлдэг байсан
  3. Евро бүсийн "S&P Global"-ын Худалдан авалтын менежерүүдийн нийлмэл индекс (PMI) 7-р сард 49.9 байсан бол 8-р сард 49.2 болж сүүлийн 1 жил гаруй хугацааны доод түвшиндээ хүрч буурлаа. Энэ нь хэрэглэгчид зардлаа танаж байгаа болон нийлүүлэлтийн доголдлын улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурч байгааг илтгэж байна. "PMI" 50-аас доош байгаа нь агшилтыг илтгэдэг.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Жексон Хоулд болсон Баасан гарагийн симпозиумд ХНБ-ны тэргүүн бодлогын хүүг өсгөх хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн нь Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. "Nikkei 225" индекс 1.0%, "TOPIX" индекс 0.75%-ийн тус тус бууралттай хаагдсан. 
  2. Япон улсын 8-р сарын "PMI" индексүүдээс харахад тус улсын эдийн засгийн хэтийн төлөв удаашралтай байгааг илтгэж байна. Япон улсын үйлдвэрлэлийн салбарын "PMI" 8-р сард 51.0 болсон нь 7-р сарын 52.1-ээс буурсан үзүүлэлт болов.
  3. 7 хоногийн эхээр ам.доллар иений эсрэг чангараад байсан боловч 7 хоногийн сүүлээр тэнцүү харьцаанд дуусгалаа. 1 ам.доллар 137.6 иентэй тэнцэж 7 хоногт хаагдсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээл эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон цаг агаарын температурын хэт өндөр байдалтай холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite" индекс 0.67% "CSI 300" индекс 1.05%-иар тус тус бууралттай хаагдсан. 
  2. Бээжин хот 7 хоногт эдийн засгаа дэмжих хэд хэдэн арга хэмжээг зарласан. Мужийн зөвлөл 6-р сард дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 300 тэрбум юань зарцуулахаа мэдэгдээд байсан бол 7 хоног дэд бүтцийн төслүүдэд зориулж дахин 300 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Энэ нь БНХАУ-ын засгийн газар эдийн засгийн хэтийн төлөвийн уналтын эсрэг авч буй арга хэмжээ болоод байна.
  3. БНХАУ-ын Ардын банк (PBOC) хоёр үндсэн хүүгээ буурууллаа. Ардын банк ипотекийн зээлийн жишиг 5 жилийн зээлийн үндсэн хүүг (LPR) 15 суурь нэгжээр бууруулж, 4.30% болгосон. 1 жилийн зээлийн хүүг хүлээгдэж байснаас таван нэгжээр бууруулж 3.65% болгон бууруулсан. "Longfor Group" БНХАУ-ын бондын даатгалаар хамгаалагдсан 1.6 тэрбум юанийн бонд босгосон. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ