{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.09 - 2022.01.13

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.09 - 2022.01.13


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,060.6 нэгжид хүрч, 0.11%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. 2022 онд Монгол улсын эдийн засаг 4%-иар өсөхөд экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар болсон нь гол нөлөөг үзүүлсэн байна. Нүүрсний экспортыг төсвийн тодотголоор 18 сая тонн байхаар төлөвлөсөн ч 31.7 сая тонныг экспортолсон байна. БНХАУ-ын 2022 онд мөрдөж байсан цар тахлын хориг бодлогууд 2022 оны жилийн сүүлээр суларч эхэлснээр 2022 оны сүүлийн 2 улиралд боомтоор гарсан нүүрс тээврийн автомашины тоо 1166-1247 болж нэмэгдсэнээр нийт экспорт өсжээ.
  3. Монгол улсын шинээр гаргасан 5 жилийн хугацаатай, 8.65%-ийн хүүтэй, 650 сая ам.долларын бондын үнэлгээг “S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллага "B" түвшин хэмээн тогтоолоо. "B" түвшин нь одоогоор санхүүгийн амлалтаа биелүүлэх чадвартай ч биелүүлж чадахгүй байж болох тодорхойгүй байдал мөн байгаа болохыг давхар илэрхийлж буй үнэлгээ юм.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин зах зээл дэх хүлээлтэд хүрч буурсан болон JPMorgan, Bank of America зэрэг томоохон банкнуудын 4-р улирлын ашигт ажиллагаа сайн гарсан нь тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүдийг 2 дах 7 хоногоо дараалан өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Технологийн салбарын болон өсөлттэй ангиллын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа.
  2. Хувьцааны зах зээл дэх арилжааны хэмжээ сүүлийн 4-н 7 хоногийн турш 2022 оны дундаж арилжааны дүнгээсээ доогуур байсан болон S&P 500 индексийн хөдөлгөөн уг хугацаанд 3,760-иас 3,950 орчимд хэлбэлзсээр байсан нь хөрөнгө оруулагчид 12-р сарын инфляцын түвшин мэдээлэгдэхийг хүлээж байсныг илэрхийлж байна.  АНУ-ын инфляц 2022 оны дунд үед оргил үедээ буюу 9.1%-д хүрээд байсан бол 12-р сард 6.5%-д хүрч буурсан нь инфляцын дарамт харьцангуй буурч байгааг илэрхийлээд байна. Суурь инфляцын хувьд 6.0%-иас 5.7%-д  хүрч буурсан. Инфляцын түвшин харьцангуй бууралттай байгаатай холбоотойгоор тус улсын бодлого боловсруулагчид бодлогын хүүгээ 2 сарын 1-нд болох хурлаар 0.25%-иар өсгөх магадлал өндөр байна. 
  3. АНУ-ын эдийн засаг, бизнесийн идэвхжилийг илэрхийлэх гол индикатор үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь Холбооны Нөөцийн Санг (ХНС) зах зээлд бага хохирол учруулж инфляцыг дарна гэх хүлээлтийг нэмэгдүүлээд байна. Гэвч хямрал болж болзошгүйг илэрхийлдэг 2 жил болон 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргээд 193 хоносон бол 3 сар болон 10 жилийн хугацаатай  ЗГҮЦ-ны муруй өгөөж эргээд 81 хоноод байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын эдийн засгийн үзүүлэлтүүд зах зээл зэх гутранги хүлээлтээс илүү сайн гарсан нь Европын хувьцааны зах зээл 2 дах 7 хоногоо дараалан өсөхөд гол нөлөөг үзүүллээ. Хөрөнгө оруулагчдын хүлээлт өөдрөг болж байгаа боловч төв банкны бодлого боловсруулагчид инфляцыг хяналтдаа авахын тулд цаашид бодлогын хүүгээ өсгөх болохыг анхааруулаад байна. 
  2. Евро бүсийн 11-р сарын ажилгүйдлийн түвшин эдийн засагчдын таамаглаж байсны дагуу 6.5%-д хэвээр хадгалагдлаа. Евро бүсийн хөрөнгө оруулагчдын эдийн засагтаа итгэх итгэлийг харуулдаг Sentix индекс 1-р сарын байдлаар өсөлттэй гарсан нь 2022 оны 6-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 
  3. Их Британийн ДНБ-ийг 11-р сард эдийн засагчид 0.2%-иар агшина гэх хүлээлттэй байсан бол 0.1%-ийн өсөлттэй гарлаа. Эдийн засаг өсөлттэй гарахад мэдээлэл, харилцаа холбоо; эрүүл мэнд; хоол хүнс болон шингэн хүнсний үйлчилгээний салбар өсөлттэй байсан нь гол нөлөөг үзүүлжээ. Хоол хүнс болон шингэн хүнсний үйлчилгээний салбар өсөлттэй байхад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нөлөөлсөн болохыг эдийн засагчид онцолж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин хүлээлтэд хүрч буурсан нь Япон улсын хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлж улмаар тус улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.6%, "TOPIX" индекс 1.5%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа. Иен ам.долларын эсрэг чангарч 1 ам.доллар 127.9 иентэй тэнцлээ.
  2. Токио хотын 12-р сарын суурь инфляцын түвшин 4.0%-д хүрсэн нь сүүлийн 40 жилийн дээд түвшин боллоо. Япон улсын төв банк мөнгөний зөөлөн бодлогоо баримтлах болохоо илэрхийлсээр байгаа хэдий ч 1-р сарын 17-18-нд болох хурлаараа баримталж буй бодлогодоо тохируулга хийж болзошгүй байна. 
  3. Төв банкны ерөнхийлөгч Харухико Куродагийн бүрэн эрхийн хугацаа 2023 оны 4-р сард дуусаж байгаа тул дараагийн төв банкны ерөнхийлөгч мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрхэн баримтлах бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байна. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 0-Ковид бодлого баримтлахаа зогсоосноор эдийн засаг өсөлттэй байх болон АНУ-ын инфляцын түвшин бууралттай байгаа нь БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, "Shanghai Composite" 1.9%, "CSI 300" индекс 2.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Бээжин хот өнгөрсөн 12-р сард “0-Ковид” бодлогоо орхиж, уналттай байгаа үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих арга хэмжээг авч эхэлсний дараа ирэх саруудад дотоодын эрэлт сэргэнэ гэсэн найдвар нэмэгдээд байна. 
  3. БНХАУ-ын 12-р сарын экспортын дүн жилийн өмнөх үзүүлэлтээс 9.9%-ийн бууралттай гарсан нь дэлхийн зах зээлд эрэлт буурч байгааг илэрхийлээд байна. Нөгөөтэйгүүр засгийн газраас цар тахлын бодлогоо цуцалсны дараагаар халдварын тоо нэмэгдсэн нь экспортын дүнд сөргөөр нөлөөлсөн төлөвтэй байна. 12-р сард тус улсын импортын дүн жилийн өмнөх мөн үеэс 7.5%-иар буурчээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ