{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.03.06 - 2022.03.10

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.03.06 - 2022.03.10


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 39,881.05 нэгжид хүрч, 0.57%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол улсын 2-р сарын инфляцын түвшин 12.3%-иас 12.2%-д хүрч буурлаа. Үүнийг Монголбанкны 6.0%-ийн зорилтот түвшинтэй харьцуулахад өндөр хэвээр байна. Монголбанк өндөр инфляцыг хяналтаа авахын тулд 2023 оны жилийн эцэс хүртэл бодлогын хүүгээ 13.0%-иас бууруулахгүй байх хүлээлттэй байна. 
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.1%-иар суларч, 1 ам.доллар 3,527.1 төгрөгтэй тэнцсэн бол БНХАУ-ын юанийн эсрэг 0.9%-иар чангарч, 1 юань 506.3 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 2023 оныг АНУ-ын хувьцааны зах зээл өндөр өсөлттэйгөөр эхлүүлсэн боловч өндөр инфляцын дарамт хэвээр үргэлжилж буйг батлах үзүүлэлтүүд 7 хоногт дахин мэдээлэгдсэнээр хувьцааны зах зээл уналаа. ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл болон төв банкны бодлого боловсруулагчид хөдөлмөрийн зах зээл нягт байгаа энэ үед инфляцыг урт хугацааны зорилтот 2.0%-ийн түвшинд хүргэхэд өмнөх төсөөллөөс илүү өндрөөр бодлогын хүүг өсгөх шаардлагатай байгааг онцоллоо. Техник шинжилгээгээр S&P 500 индекс 200 өдрийн MA-ийнхаа (Moving average) доор орлоо.
  2. S&P 500 индекс дэх бүх салбарын хувьцаанууд 7 хоногт бууралттай байсан ба хамгийн өндөр бууралтыг санхүүгийн салбарын хувьцаанууд үзүүллээ. Санхүүгийн салбарын хувьцаанууд хамгийн өндрөөр буурсан нь SVB Financial (Silicon Valley Bank) банктай холбоотой байсан юм. Тодруулбал, тус банк нь баланс дээрх үнэт цаасны хөрөнгө оруулалтын алдагдлаа хүлээн зөвшөөрч банкны салбарын капиталын стандартаа хангахыг оролдсон боловч энэ нь бүтэлгүйтсэн юм. Үүний дараа тус банкны хувьцаа 60% гаруйгаар унаж хувьцааны арилжаа нь зогссон. Уг үйл явдалтай холбоотойгоор санхүүгийн салбарын компаниудын хувьцаа мөн дагаж буурсан.
  3. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 211,000-д хүрсэн болон 2-р сарын ажилгүйдлийн түвшин 3.4%-иас 3.6%-д хүрсэн нь хүлээлтээс давсан үзүүлэлт боллоо. Үүний зэрэгцээ цагийн дундаж цалингийн өсөлт 0.2%-иар өссөнийг харгалзан үзвэл АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларч байгааг илтгэж байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бодлогын хүү өссөний нөлөө нь АНУ-ын санхүүгийн салбарын компаниудад сөрөг нөлөө 7 хоногт үзүүлсэн билээ. Энэ нь Европын хөрөнгө оруулагчдын санааг зовниож улмаар Европын хувьцааны зах зээл 7 хоногт сөрөг өгөөжтэй байлаа. 
  2. БНХАУ эдийн засгаа нээсэн болон эрчим хүчний шок Европд намжиж байгаа зэрэг нь Европын хувьцааны зах зээлийг бусад бүс нутгийн хувьцаануудаас өндөр өсөлттэй байхад гол нөлөөг 2023 онд үзүүлсэн билээ. Гэсэн хэдий ч уг гүйцэтгэл цаашид үргэлжилсээр байна гэж бид бодохгүй байна. Учир нь Европ инфляцыг зорилтот 2.0%-д хүргэхийн тул бодлогын хүүгээ өмнөх төсөөллөөс өндөр түвшинд хүргэж 2024 оны 2-р хагас жил хүртэл бууруулахгүй байх хүлээлттэй байна. Энэ нь Европт стагфляцын эрсдэлийг үүсгээд байгаа юм. Евро бүсийн 1-р сарын ажилгүйдлийн түвшин 6.7% буюу түүхэн доод түвшиндээ хэвээр хадгалагдаж буй нь тус улсын хөдөлмөрийн зах зээлийн нягт байдлыг илэрхийлж байна.
  3. Евро бүсийн 2022 оны 4-р улирлын эдийн засгийн өсөлтийн түвшин шинэчилсэн тооцооллоор 0.1%-иас 0.0% болж буурлаа. Мөн 1-р жижиглэнгийн борлуулалтын дүн хүлээлтээс бага буюу 0.3%-ийн өсөлттэй гарсан нь эдийн засгийн идэвхжил буурч байгааг илэрхийлж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.8%, TOPIX  индекс 0.6% тус тус өслөө. АНУ-ын санхүүгийн салбарын хувьцаанууд унасны нөлөөгөөр Япон улсын санхүүгийн салбарын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Гэсэн хэдий ч Японы төв банк 3-р сарын хурлаараа мөнгөний зөөлөн бодлогоо хэвээр үлдээсэн нь бусад салбарын хувьцаануудыг дэмжлээ.
  2. 4 сард болох Японы төв банкны хурал нь хөрөнгө оруулагчдын гол анхаарлын төвд байна. Учир нь 4 сард төв банкны шинэ ерөнхийлөгч Kazuo Ueda нь бодлогын шийдвэр гаргах юм. Одоогоор Kazuo Ueda нь Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруйн хяналтын талаар шинэчилсэн мэдэгдэл хийх хүлээлттэй байна. Японы төв банк нь 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.5%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байгаа бөгөөд уг дээд хэмжээ шинэчлэгдэх, эсвэл хяналтаа орхих бодлого шинэчлэгдэх магадлал өндөр байна. 
  3. 2022 оны 4-р улирлын Япон улсын жилийн ДНБ-ний өсөлт 0.1% гарлаа. Энэ нь шинжээчдийн 0.8%-ийн хүлээлтээс бага өсөлт боллоо. ДНБ өсөлт бага гарахад хувийн хэрэглээний зардал өндөр инфляцаас болж буурсан нь гол нөлөөг үзүүлсэн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. 2022 онд БНХАУ нь коронавирусын хязгаарлалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, дэлхийн зах зээлд эрэлт багассан зэргээс болж сүүлийн 10 жилийн хамгийн бага эдийн засгийн өсөлттэй байсан билээ. Харин 2023 онд цар тахлын хязгаарлалтаа сулруулснаар эдийн засгийн идэвхжил нь сэргээд байгаа юм. Харин 2-р сарын экспорт, импортын дүн бууралттай гарсан нь хувьцааны зах зээлд сөргөөр нөлөөлж улмаар Shanghai Composite индекс 3.0%, CSI 300 индекс 4.0%-иар тус тус буурлаа.
  2. БНХАУ-аас 2-р сарын инфляцын түвшин 2.1%-иас 1.0%-д хүрч буурлаа. Инфляцын түвшин буурахад түүхий эдийн үнэ буурсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. БНХАУ-ын инфляцын түвшин зорилтот хэмжээнд байгаа нь АНУ, Европоос ялгаатай байдлыг үүсгэж байгаа тул БНХАУ мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах хүлээлттэй байна.
  3. 2-р сард БНХАУ-ын экспортын дүн 6.8%, импортын дүн 10.2%-ийн тус тус бууралттай гарлаа. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ