ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.21 - 2022.02.25
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 4.38% | 03/09/24 | 600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 3.83% | 05/01/23 | 800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 3.43% | 12/05/22 | 1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.04% | 12/25/23 | 300,000,000.00 |
5 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | 500,000,000.00 |
6 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 5.03% | 04/07/26 | 600,000,000.00 |
7 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 11.60% | 02/08/24 | 250,000,000.00 |
8 | MMC' 2024 | USD | 9.250% | 25.47% | 04/15/24 | 440,000,000.00 |
9 | Mongol 2027 | USD | 3.500% | 5.22% | 07/07/27 | 500,000,000.00 |
10 | Mongol 2031 | USD | 4.450% | 5.60% | 07/07/31 | 500,000,000.00 |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Оросын Холбооны Улсын (ОХУ) болон Украйны хурцадмал байдал саарч долоо хоногийн эцэсд АНУ-ын гол индексүүд өсөлттэй хаагдлаа. Пүрэв гарагт Nasdaq Composite индекс 6.8%-аар өссөн нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2020 оны 3 -р сард коронавирусын тахал эхэлснийг зарласнаас хойших хамгийн том өдрийн хэлбэлзэл болов. Европ дахь хурцадмал байдал нь аялал жуулчлалтай холбоотой компанийн хувьцаанд нөлөөлж аялал жуулчлалтай холбоотой хувьцааны ханш уналттай байв. Харин интернэт харилцаа холбооны компаниуд болох Alphabet (Google -ийн толгой компани) болон Meta Platforms (Facebook -ийн толгой компани)-ийн хувьцаа өсөлттэй байлаа.
- Нийслэл Киев болон бусад томоохон хотуудад лхагва гарагийн орой болон пүрэв гарагийн өглөө халдлага болсон тухай мэдээ гарснаар хувьцаануудын ханш огцом буурав. Пүрэв гарагийн арилжаа эхлэхэд S&P 500 индекс хамгийн доод түвшиндээ буюу 4,115 нэгжид хүрсэн нь эхэн үеийн оргил цэгээсээ ойролцоогоор 15% -аар буурсан байна.
- Геополитикийн мөргөлдөөн нь тогтмол орлогын зах зээлд (Fixed income) цочрол үүсгэв. Энэ долоо хоногийн хугацаанд хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах нь ихэссэн ба АНУ -ын төрийн сангийн урт хугацааны өгөөж буурч, ам.долларын ханш, ялангуяа ОХУ -ын рубль болон бусад хөгжиж буй зах зээлийн валюттай харьцах ханш өссөн байна. Үүний дараагаар ОХУ -ын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “ОХУ нь Украинтай хэлэлцээр хийхэд бэлэн, Беларусын нийслэл Минск хотод төлөөлөгчдөө илгээхэд бэлэн байна.” гэж мэдэгдсэний дараа долоо хоногийн сүүлээр бондын өгөөж нэмэгдэж, хувьцааны ханш огцом өссөн байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- ОХУ Украин дахь дайны хурцадмал байдал нь инфляц нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засаг удаашрах болгоомжлолыг нэмэгдүүлснээр Европ дахь хувьцааны ханш уналаа. STOXX Europe 600 индекс 1.58%, Германы DAX индекс 3.16%, Италийн FTSE MIB индекс 2.77%, Францын CAC 40 индекс 2.56% болон ИБНВУ -ын FTSE 100 индекс 0.32% -аар тус тус уналттай байлаа.
- Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан барууны орнууд хариу арга хэмжээ авахаар болж Европын холбоо (EU) болон Их Британи нь ОХУ -ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлжээ. Эдгээр арга хэмжээнд технологийн экспортын хяналт, парламентын гишүүд, Батлан хамгаалахын сайд, чинээлэг хүмүүс, банкнуудад санхүүгийн шийтгэл ногдуулах гэх мэт хоригууд багтсан байна. Мөн Их Британиас ОХУ -ын компаниудын Их Британид хөрөнгө босгохыг зогсоох талаар, ОХУ -ын агаарын тээврийн Аэрофлотыг хориглохоо мэдэгджээ. Мөн Герман улс ОХУ -аас байгалийн хийг тээвэрлэх Газпромын Норд урсгал 2 дамжуулах хоолойн зөвшөөрлийг зогсоолоо.
- Хоёрдугаар сард коронавирусын эсрэг зарим хоригуудыг цуцалж үйлчилгээний салбарыг дэмжсэнээр Евро бүсийн бизнесийн идэвхжил хурдассан болохыг IHS Markit судалгаа харуулжээ. Эхний тооцоогоор нийлмэл PMI таван сарын дээд цэгтээ хүрч, 55.8 -д хүрсэн бол нэгдүгээр сард бүртгэгдсэн 53.3 -аас ахицтай байгаа юм. Их Британийн нийлмэл бүтээгдэхүүний индекс 1 -р сард 54.2 байсан бол сүүлийн найман сарын дээд цэгтээ хүрч 60.2 -д хүрчээ.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- ОХУ болон Украин хоорондын зөрчилдөөнөөс болгоомжилж байгаа энэ үед Японы хөрөнгийн зах зээлийн өгөөж энэ долоо хоногт сөрөг байв. Nikkei 225 индекс 2.38%, TOPIX индекс 2.50% -аар тус тус буурсан байна. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.22% -аас буурч 0.20% болов.
- Японы Төв банкны ерөнхийлөгч “Төв банк мөнгөний урамшууллыг (Money stimulus) богино хугацаанд бууруулах төлөвлөгөөгүй байгаа бөгөөд шаардлагатай бол өгөөжийг зорилтот түвшинд байлгахын тулд хязгааргүй тооны бонд худалдаж авах болно.” гэж мэдээллээ. Иений ханш ам.долларын эсрэг өнгөрсөн долоо хоногт 115.00 иен байсан бол, энэ долоо хоногт 115.32 иен болж иений ханш ам.долларын эсрэг суларсан байна.
- Япон нь ОХУ -д хоёр төрлийн хориг арга хэмжээ авахаа зарлав. ОХУ нь Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж, өөрсдийн цэргээ оруулсан. Үүний дараагаар Япон лхагва гарагт анхны хориг арга хэмжээг авч, уг асуудлыг Украйны талтай хамтран шийдвэрлэсэн байна. Үүнд Донецк, Луганск хоттой холбогдсон иргэдийн визийг түдгэлзүүлэх, эд хөрөнгийг царцаах, эдгээр бүс нутгаас импортлох, экспортлохыг хориглох, ОХУ-ын засгийн газраас Японд шинээр төрийн үнэт цаас гаргах, санал болгохыг хориглох зэрэг багтсан байна. Мөн хагас дамжуулагч болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүний экспортын хяналт, ОХУ -ын зарим банкнуудын хөрөнгийг царцаах, зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд виз олгохыг түдгэлзүүлэх зэрэг багтсан байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын зэх зээл энэ долоо хоногт уналттай байлаа. Shanghai Composite индекс 1.1%, CSI 300 индекс 1.6% -аар тус тус буурчээ. Хятадын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногт 2,814% байсан бол 2,806% болж буурчээ. Долоо хоногийн өмнөх 6.33 байсан юанийн ханш ам.доллартой харьцах ханш багаар өсөж, нэг ам.доллар 6.3135 орчимд хүрсэн нь Хятадын актив руу орж ирсэн гадаад урсгалын нөлөөлөл юм.
- Хятадын Ардын банк (PBOC) бодлогын хүүгээ тогтвортой байлгах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр (dampened buying sentiment) гаргалтад нөлөөлж долоо хоногийн зах зээлийн уналтад нөлөөлжээ. Төв банк нэг болон таван жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүг хэвээр үлдээсэн нь жишиг зээлийн хүү буурна гэж таамаглаж байгаа талаар мэдээллээ.
- БНХАУ-ын өр ихтэй байгаа үл хөдлөхийн салбарт орон сууцны үнэ 1 – р сард өмнөх оны үеэс 2.3% -аар өссөн нь 2015 оны 12 -р сараас хойших хамгийн бага өсөлт байсан. Гэвч энэ үзүүлэлт нь 9 -р сараас хойш сар бүр тасралтгүй өсөлттэй байгаа үзүүлэлт юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19