ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.28 - 2022.04.01
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 4.87% | 03/09/24 | 600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 4.67% | 05/01/23 | 800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 4.57% | 12/05/22 | 1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.03% | 12/25/23 | 300,000,000.00 |
5 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | 500,000,000.00 |
6 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 5.38% | 04/07/26 | 600,000,000.00 |
7 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 16.95% | 02/08/24 | 250,000,000.00 |
8 | MMC' 2024 | USD | 9.250% | 27.73% | 04/15/24 | 440,000,000.00 |
9 | Mongol 2027 | USD | 3.500% | 5.41% | 07/07/27 | 500,000,000.00 |
10 | Mongol 2031 | USD | 4.450% | 5.5.80% | 07/07/31 | 500,000,000.00 |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Энэ долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүдийн холимог байдалтай хаагдлаа. S&P 500 индексийн хувьд 3-р сар нь 12-р сараас хойших хамгийн сайн өсөлттэй сар байсан ч 2020 оны эхэн үеэс хойших хамгийн их бууралттай улирал боллоо. Хүүгийн түвшний өсөлттэй холбоотойгоор мэдээллийн технологийн салбарын хувьцаанууд бууралттай хаагдсан бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа өсөлттэй байлаа.
- Энэ долоо хоногт нийтлэгдсэн эдийн засгийн мэдээллээс харвал аж ахуйн бус салбарын тайлангийн хувьд ажил эрхлэлтийн өсөлт хүлээгдэж байснаас доогуур байсан буюу 431,000 (хүлээлт 490,000) байв. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин хүлээгдэж байснаас бага буюу 3.6 хувь байлаа. Сарын дундаж цагийн цалин 0.4 хувь, хэрэглэгчийн сарын орлого 0.5 хувь өссөн нь тус тус хүлээлттэй нийцсэн байна. 1 хүний дундаж хувийн зардал 0.2 хувиар өссөн нь хүлээгдэж байснаас доогуур байсан нь иргэд өндөр үнэтэй зүйлсийг худалдан авах хүсэл буурч байгааг харууллаа.
- АНУ-ын 10-н жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж энэ долоо хоногт бага зэрэг бууралттай байлаа. Bloomberg-ийн АНУ-ын нэгдсэн ЗГҮЦ-ны индекс 1980 оноос хойших хамгийн муу улирал, индекс тооцож эхэлснээс хойших хамгийн муу 3 дахь улирлаа дуусгаад байна. ЗГҮЦ-ны өгөөжийн муруй 7 хоногт эргэсэн байгаа боловч ХНС бодлогын хүүгээ 0.5 хувь өсгөж магадгүй гэсэн дохиогоор хөрөнгө оруулагчид ЗГҮЦ худалдан авах магадлал их байгаа учраас өгөөжийн муруй эргэн хэвэндээ орно гэсэн хүлээлттэй байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өндөр инфляцын түвшин, ОХУ болон Украины зөрчилдөөнтэй холбоотойгоор үүсэх макро эдийн засгийн төлөв байдал нь Европ дахь хувьцааны арилжаанд нөлөөлж, зах зээл савлагаатай байсан хэдий ч долоо хоногийн эцсээр индексүүд өсөлттэй хаагдлаа. STOXX Europe 600 индекс 1.06 хувь, Италийн FTSE MIB индекс 2.46 хувь, ХБНГУ-ын Xetra DAX индекс 0.98 хувь, Францын CAC 40 индекс 1.99 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.73 хувиар тус тус өссөн байна.
- Инфляцын түвшин хүлээгдэж байснаас өндөр байсан нь хүүгийн түвшин цаашид өсөх хүлээлтийг нэмэгдүүлж, ЗГҮЦ-ны өгөөжийг өсөхөд нөлөөлсөн байна. ОХУ болон Украин хоорондын хэлэлцээрийн талаарх өөдрөг үзэл бүдгэрч, Европын төв банкны ахлах эдийн засагч хэрэв макро эдийн засгийн нөхцөл байдал цаашид эрс муудвал Европын төв банк бодлогоо шинэчлэхэд бэлэн байх ёстой талаар мэдэгдлээ.
- Евро бүсийн урьдчилсан тооцоогоор 2-р сард 5.9 хувь байсан инфляцын түвшин 3-р сард 7.5 хувьд хүрч дээд түвшиндээ очсон байна. Инфляцын түвшин өсөхөд эрчим хүчний үнийн өсөлт голлох нөлөөг үзүүлсэн байна. Европын бодлого боловсруулагчид Евро бүсийн эдийн засгийн өсөлт удааширч, богино хугацаанд инфляц өндөр байх болно гэдгийг дахин онцолсон боловч "Дайн удаан үргэлжлэх тусам зардал ихсэж, бид илүү сөрөг үр дагаварт хүргэх магадлал өндөр болно" гэж анхааруулав. Европын төв банкнаас эдийн засгийн 2022 оны өсөлтийг 3.7 хувиас 2.5 хувь болгон хүлээлтээ мөн бууруулсан байна.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Японы хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 1.72 хувь, TOPIX индекс 1.88 хувиар тус тус бууралттай байв. ОХУ болон Украин хоорондын энхийн хэлэлцээрийн талаарх гутранги үзэл нэмэгдэж, дэлхийн инфляц, зээлийн хүү өсөх магадлал зэргээс хамаарч хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил буурсан нь хөрөнгийн зах зээл уналттай байхад нөлөөлжээ.
- Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж энэ 7 хоногт 0.24 хувиас 0.21 хувь болж буурав. Иений ам.доллартой харьцах ханш 3 сарын 25-нд 122.08 байсан бол энэ 7 хоногийн хаалтаар 122.66 болсон нь сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшин болоод байна.
- Японы төв банк инфляцыг зорилтот 2 хувийн түвшинд хүргэхийн тулд урт хугацааны ЗГҮЦ-ны өгөөжийг 0 хувьд ойртуулах зорилт тавиад байгаа билээ. Японы ЗГҮЦ-ны өгөөж төв банкны 0.25 хувийн өгөөжийн дээд хязгаарт хүрсэн нь Японы төв банкийг ЗГҮЦ-ыг худалдан авахад хүргэсэн байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засаг, зах зээлийг дэмжинэ хэмээн таамаглаж байсан тул БНХАУ-ын зах зээл долоо хоногт өссөн байна. Тодруулбал Shanghai Composite индекс 2.2 хувь, CSI 300 индекс 2.4 хувиар тус тус өссөн байна.
- Хөрөнгө оруулагчид АНУ болон БНХАУ-ын биржид давхар бүртгэлтэй байгаа БНХАУ-ын компаниуд АНУ-ын биржээс хасагдах эрсдэлээс болгоомжилж байгаа нь АНУ-д бүртгэлтэй БНХАУ-ын технологийн компаниудын хувьцааны ханшинд дарамт учруулаад байгаа юм. Лхагва гарагт АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороо АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын технологийн 5 компанийг АНУ-ын зохицуулагчдад аудит хийх зөвшөөрөл олгохоос татгалзсаны улмаас бүртгэлээс хасагдаж болзошгүй компаниудын жагсаалтад нэмж оруулав. /Хэрэв АНУ-ын зохицуулагчид 3 жил дараалан гадаад компаниудын аудитын тайланг хянаж чадахгүй бол SEC компаниудын хувьцааг бүртгэлээс хасах нь хуулийн дагуу шаардагддаг зүйл байна./
- Эдийн засгийн мэдээгээр БНХАУ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын худалдан авалтын менежерүүдийн индексүүд (China’s purchasing managers’ indexes) таамаглалаас хоцорч уналтад орсон байна. Үүнд 3-р сард коронавирусын омикрон хувилбарын дэгдэлт улс орон даяар тархаж, аж үйлдвэрлэл зогсонги байдалд орсон нь гол нөлөөг үзүүлсэн байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19