ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.02 - 2022.05.06
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 6.91% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 5.91% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 5.26% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.02% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 6.86% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 15.87% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 27.96% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 6.54% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 6.43% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хөрөнгийн зах зээл 5 дахь 7 хоногоо дараалж уналаа. Энэ 7 хоногийн уналтад хүүгийн түвшний өсөлт болон инфляцын түвшний талаарх хөрөнгө оруулагчдын гутранги хүлээлт нь голлох нөлөөллүүдийг үзүүлсэн юм. “Dow Jones Industrial Average” нь энэ 7 хоногт буурсан нь сүүлийн дээд түвшнээсээ 10% гаруй буурсан үзүүлэлт боллоо. “S&P 500 index” болон “S&P MidCap 400 index”-үүд ижил түвшний бууралттай байсан бол “Nasdaq Composite index” болон “Small-cap Russell 2000 Index”-үүд нь хамгийн их бууралтыг буюу сүүлийн оргил түвшнээсээ 25% орчимд буураад байна.
- Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) Мягмар, Лхагва гарагт хийгдсэн мөнгөний бодлогын хурлаар, ХНС-ийн бодлого боловсруулагчид зорилтот хүүг 50 суурь нэгжээр (0.50) өсгөснөө зарласан нь 2000 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
- Урт хугацааны инфляцын хүлээлттэй холбоотойгоор АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж сүүлийн үеийн огцом өсөх хандлагаа энэ 7 хоногт үргэлжлүүллээ. Тодруулбал, АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2018 оны сүүлээс хойш анх удаа 3.00%-аас давж, Баасан гарагт 3.13%-д хүрч өсөөд байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын төв банкнаас өндөр инфляцын түвшнийг хянахын тулд бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлал өндөр байсантай холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. Мөн БНХАУ дахь вирусийн тархалт болон ОХУ, Украин хоорондын дайны холбоотой тодорхойгүй байдлууд нь зах зээлийн уналтад нөлөөлсөн юм. “STOXX Europe 600 index” 4.55%, “France’s CAC 40 Index” 4.22%, “Germany’s DAX Index” 3.00%, “Italy’s FTSE MIB Index” 3.20%, “UK’s FTSE 100 Index” 2.08% тус тус уналттай байлаа.
- Английн төв банк инфляцыг бууруулах зорилгоор бодлогын хүүг 25 суурь нэгжээр (0.25) өсгөж, 1%-д хүргэсэн нь 2009 оноос хойших хамгийн дээд түвшин боллоо. Мөн уг 7 хоногт Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж нь АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжтэй зэрэгцэн өссөн юм. Энэхүү өсөлтөд ХНС-ын бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр (0.50 нэгж) өсгөсөн нь голлох нөлөөллийг үзүүлсэн юм.
- Герман улсын аж үйлдвэрлэл 4-р сард 3.9%-аар буурсан нь коронавирусын тахал эхэлснээс хойших хамгийн том бууралт болоод байна. Интернэт борлуулалт болон шуудангийн захиалга мөн хамгийн их бууралттай байна. Эдгээр бууралтуудад БНХАУ дахь тахлын эсрэг баримталж байгаа хатуу хөл хорио тогтоолт болон ОХУ, Украин хоорондын дайнаас үүсэж буй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нь гол нөлөөллүүдийг үзүүлж байна.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Японы хөрөнгийн зах зээл ХНС-ийн бодлого боловсруулагчид зорилтот хүүг 50 суурь нэгжээр (0.50) өсгөснийг үл харгалзан энэ 7 хоногт бага хэмжээнд өсөлттэй байлаа. “Nikkei 225 index” 0.58%, “TOPIX Index” 0.86%-аар тус тус өссөн юм.
- Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнөх 7 хоногт 0.21% байсан бол энэ 7 хоногт 0.24% болж өслөө. Ам.долларын иентэй харьцах ханшийн хувьд 130.51 болж суларсан нь сүүлийн 20 жилийн доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт хэвээр байна. Иений ханшийн сулрал нь Японы улсын экспортлогчдын гадаад орлогын хэмжээг нэмэгдүүлж дэмжлэг болж байгаа байна.
- Токио хотын инфляцын түвшин 4-р сард (YoY) 1.9% болсон нь 3-р сарын 0.8%-тай харьцуулахад өссөн үзүүлэлт болоод байна. Уг инфляцын түвшний мэдээллээс харахад Японы төв банкны зорилтот 2%-ийн түвшинд инфляцыг барих магадлал нэмэгдэж байна. Японы төв банкнаас инфляцын хүлээлтийг өсгөөд байсан гол шалтгаан нь эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой байсан билээ. Гэвч уг үнийн өсөлт нь түр зуурынх байх магадлал өндөр болохыг Японы төв банкнаас мэдээлээд байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хөрөнгийн зах зээл Бээжин хотод хатуу хөл хорионы дэглэмийг суллах шинж тэмдэг ажиглагдаагүйтэй холбоотойгоор энэ 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, вирусийн эсрэг хөл хорио тогтоож буй нь нийлүүлэлтийн сүлжээний саатлыг үүсгэж байгаа тул үүнд хөрөнгө оруулагчид санаа зовниож улмаар зах зээл уналттай байсан юм. “Shanghai Composite Index” 1.5%, “CSI 300 Index” 2.7%-аар тус тус энэ 7 хоногт буурлаа.
- Шанхай хотод вирусийн тархалт бага хэмжээнд буурч байгаатай холбоотойгоор тус хотод хязгаарлалтыг бага хэмжээнд сулруулсан хэдий ч энэ нь нийлүүлэлтийн сүлжээний саатлыг үүсгэсэн хэвээр байна. Харин Бээжин хотод тархалт ихсэж байгаатай холбоотойгоор хатуу хөл хорионы дүрэм хэвээр хэрэгжиж байгаа байна. БНХАУ-ын 5-н өдрийн турш үргэлжилсэн хөдөлмөрийн баяраар зарцуулсан зардал 64.7 тэрбум юань (9.8 тэрбум ам.доллар) болсон нь өмнөх оны мөн үеэс 43%-аар буурсан үзүүлэлт болж тахлын эсрэг хязгаарлалт нь дотоодын хэрэглээнд хэр хэмжээнд нөлөөлж байгааг харуулж байна.
- АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороо (SEC) БНХАУ-ын 80 гаруй компанийг АНУ-ын хөрөнгийн биржээс хасагдах магадлалтай аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад оруулаад байгаатай холбоотойгоор 2 орны хурцадмал байдал хэвээр үргэлжилсээр байна. БНХАУ-ын компаниуд тус улсын аудитын стандартыг дагаж мөрдөөгүйтэй холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн биржээс хасагдаж магадгүй байгаа бөгөөд давхар бүртгэлтэй БНХАУ-ын компаниуд уг стандартыг дагаж мөрдөхгүй бол 2024 он гэхэд АНУ-ын хөрөнгийн биржээс хасагдах байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19