СҮҮ ХК: ХУВЬЦАА ХУВААСНЫ ДАРАА ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТОО 2 ЖИЛД 4 ДАХИН ӨССӨН
“Говь” компани хувьцааныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд нэгж хувьцааг 100 хуваах шийдвэр гаргаад байна. Хамгийн сүүлд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтан дуулга”, “Дархан зочид буудал”, “УБ-БҮК”, АПУ болон “Сүү” компаниуд хувьцаагаа хуваагаад байна.
Эдгээрээс “Сүү” компани 2016 оны зургаадугаар сард нэгж хувьцаагаа 1000 хуваажээ. Долоо хоногийн хугацаанд арилжааны идэвх нь нэмэгдэж, 115 сая төгрөгийн хувьцаа арилжсан байна. Харин хувьцааны ханш нь энэ хугацаанд 8.1 хувиар унажээ. Хувьцаа хувааснаас хойш тус компанийн хувьцааны ханш хамгийн дээд тал нь 270 орчим төгрөгт хүрсэн бол сүүлийн байдлаар 224 төгрөг болоод байгаа юм. Хувьцаа хуваахаас өмнө буюу 2016 оны тавдугаар сард тус компанийн нийт хувьцааны 93.8 хувийг гурван том хувьцаа эзэмшигч, үлдсэн 6.2 хувийг 358 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байжээ. Харин хамгийн сүүлийн байдлаар буюу энэ оны есдүгээр сард тус компанийн нийт хувьцааны 92.7 хувийг гурван том хувьцаа эзэмшигч, үлдсэн 7.3 хувийг 1568 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдээд байгаа юм.
“Сүү” компанитай нэг өдөр АПУ компанийн хувьцааг 10 хуваасан байна. Хувьцааг хуваах үед хувьцааны арилжааны идэвх төдийлөн нэмэгдээгүй, хувьцааны ханш нь харьцангуй тогтвортой байжээ. Гэхдээ жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нь нэмэгдсэн байна. Тодруулбал, хувьцааг хуваахаас өмнө тус компанийн 8.3 хувийг 3492 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг байсан бол энэ тоо 2018 оны есдүгээр сард 5623 болж өсжээ. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байсан хувь хэмжээ буурч нийт хувьцааны 6.3 хувийг эзэмшдэг болсон байна.
Харин хувьцааг хуваасны дараа хувьцааны ханш нь хамгийн их хэмжээгээр өссөн компани бол “Хөвсгөл Алтан дуулга” компани байгаа аж. Хувьцааны ханш нь нэг сарын хугацаанд хоёр дахин өссөн байна. Энэ оны дөрөвдүгээр сард “Хөвсгөл Алтан дуулга” компанийн хувьцааны 78.4 хувийг хоёр том хувьцаа эзэмшигч, үлдсэн 21.6 хувийг 167 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Харин есдүгээр сард том хувьцаа эзэмшигчдийн тоо нь нэмэгдэж тав болсноор 244 жижиг хувьцаа эзэмшигчид 20.9 хувийг нь эзэмшиж байгаа юм.
Хамгийн сүүлийн буюу есдүгээр сарын байдлаар хувьцаа нь арилжигдаж байгаа 200 гаруй компанийн дунд төвлөрөл өндөр байсаар байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байсан юм. Тухайлбал, бүртгэлтэй компаниудын 60 орчим хувийнх нь хөрвөх чадвар хангалтгүй, 32 компанийн арилжаа зогсоод байгаа ажээ.
Эх сурвалж: BloombergTv.mn