{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСААР БАЙВАЛ ГАДААД ӨРИЙН ДАРАМТ НЭМЭГДЭНЭ

ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСААР БАЙВАЛ ГАДААД ӨРИЙН ДАРАМТ НЭМЭГДЭНЭ


МУ-ЫН НИЙТ ГАДААД ӨРИЙН БҮТЭЦ СЕКТОРЫН АНГИЛАЛ

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2012 онд 17.2 тэрбум ам.доллар байсан бол 2021 оны жилийн эцсийн байдлаар 33.8 тэрбум ам.долларт хүрч 10 жилийн дотор 2 дахин өссөн байна. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33.2 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеийнхээс 271.5 сая ам доллароор буюу 0.8%-аар нэмэгджээ.    

Нийт гадаад өрийн 68%-ийг хувийн хэвшлийн өр эзэлж байгаа бол 32%-ийг засгийн газрын өр (Төв банкны өр орсон) эзэлж байна.

Үүнийг дотор нь задлаад харвал гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.1 тэрбум ам.доллар буюу нийт өрийн 36.6%, 9.2 тэрбум ам.доллар буюу 27.6 хувийг бусад салбарынх, 8.0 тэрбум ам.доллар буюу 24.2 хувийг Засгийн газрынх, 2.5 тэрбум ам.доллар буюу 7.5 хувийг Төв банкных, 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх эзэлж байна.

МУ-ЫН НИЙТ ГАДААД ӨРИЙН БҮТЭЦ УЛСЫН АНГИЛАЛААР


Нийт гадаад өрийг улсын ангилалаар аваад үзвэл Монгол Улс дэлхийн нийт улс орнуудын 53 улсад нь өртэй байгаа ба 42.2%-ийг нь олон зээлдэгч оролцсон зээл эзэлж байна. Харин 8.4 тэрбум ам.доллар (24.9%) нь Нидерланд улсад, 3.8 тэрбум (11.2%) нь  БНХАУ-д, 1.8 тэрбум (5.3%) нь  Япон улсад, 1.3 тэрбум (3.8%) болон 1.2 тэрбум ам.доллар (3.7%) нь  тус тус Хонгконг болон Сингапур улсад төлөх  өр байна.  

МУ-ын хувьд макро эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж зээлжих зэрэглэл одоо байгаа түвшнээс дахин буурвал улс орнууд итгэж зээл олгох, хөрөнгө оруулалт татах зэрэгт хүндрэлтэй байдал үүсэх ба зээлийн өртөг ч мөн одоо байгаа өндөр түвшнээс илүү нэмэгдэх юм.

Улсын зээлжих зэрэглэл гэдэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас тухайн улсад олгосон зээллэгийн хүүгийн болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвар, зээлдэгчийн ерөнхий эрсдэлийг илтгэдэг үзүүлэлт байдаг.

Зээлжих зэрэглэлийг тогтоодог “Standard & Poor's” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэл “В” төлөвт тогтвортой гэж үзсэн байна. Moody's хамгийн сүүлд B3 гэж тогтоож, хэтийн төлөв тогтвортой байна гэж үзсэн бол Fitch хамгийн сүүлд B түвшинд хэтийн төлөв тогтвортой байна гэж үнэлсэн байна.  

МУ-ЫН НИЙТ ГАДААД ӨРИЙН БҮТЭЦ ВАЛЮТЫН АНГИЛАЛААР

Монгол Улсын нийт гадаадын өрийн 99.7% нь гадаад валютаарх өр байгаа юм. Иргэдийн төгрөгт итгэх итгэл буурч, бүс нутгаас гаднах улс орнууд инфляцын түвшинтэй уялдуулан мөнгөний хатуу бодлого явуулж бодлогын хүүгээ нэмээд байгаа, макро эдийн засгийн тогтворгүй байгаа энэ цаг үед америк доллар хамгийн найдвартай валют гэж үздэг, долларын ханш эрэлтийнхээ дагуу чангараад байгаа зэрэг шалтгаанаас үүдэлтэй хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэж, ханш оны эхнээс 17% сулраад байгаа  нь гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлж байна. Төгрөгийн ханш цаашид нэмж суларсаар байвал өрийн дарамт ихээр нэмэгдэх эрсдэлтэй байгаа нь харагдаж байна.

МУ-ын нийт гадаад өрийн хэмжээг ДНБ-д харьцуулсан харьцаа сүүлийн 10 жилийн хугацаанд дунджаар  210% орчим байсан байна. Өнөөдөр 33.2 тэрбум ам.долларын өртэй байгаа нь ДНБ-ийг 2.2 дахин нугалсан дүн байгаа бол экспортоос 3.4 дахин их хэмжээтэй байна. Энэ нь өрийн хэмжээ эдийн засгийн даах чадвараас өндрөөр давж, өрийн дарамт улам ихэссээр байгааг харуулж байна.  Уг өрийн хэмжээ нь улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай ба өрийн удирдлагын зөв стратеги хэрэгжүүлэхгүй бол цаашид том дарамт болох магадлалтай юм.

Харин засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцаа нь сүүлийн 10 жилийн дунджаар 62.4% байсан бол өнөөдөр 10.5 тэрбум ам.доллар байгаа нь ДНБ-ий 72%-тай тэнцүү хэмжээтэй байна. Харин экспортын орлогоос 1.2 дахин их хэмжээтэй байна.

Гадаад валютын албан нөөц 9-р сард өнгөрсөн оныхоос 39% буурсан, түүнтэй холбоотой арилжааны банкнууд гадаад валютын арилжаанд хязгаарлалт тогтоосон тухай Bloomerg нийтэлснээс үүдэн ОУ-ын зах зээл дээрх ЗГ-ийн бондуудын үнэ унаж, өгөөж нь 37% хүрээд авсан.  

Засгийн газрын бонд эрсдэлгүй гэж үздэг хэдий ч бондуудын өгөөж ингэж өндөр болсон нь МУ-ыг төлбөрийн чадваргүй болж бондын төлөлтүүдээ хийж чадахгүй байх магадлалтай гэж үзсэнийг илтгэж байгаа юм.

Монгол Улс энэ оны 12 дугаар сард “Чингис” бондын 137 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 536.6 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банк 30 тэрбум иений, “Самурай” бонд болон 500 сая ам.долларын “Евро” бондын төлбөрийг барагдуулах ёстой байгаа юм. Мөн 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлөгдөх ёстой.

Бондын төлөлтүүд хийх үе хаяанд ирээд байгаа ба төгрөгийн ам.доллартой харьцах ханш нь он гарснаас хойш 17% суларч ГВАН 39% буураад байгаа юм. Зээлүүдийн эргэн төлөлттэ холбоотой 2023 он МУ-ын хувьд хүнд үе болох магадлалтай байна.

Манай улс шиг нийт экспортын 90% гаруй нь уул уурхайгаас хамаардаг, экспортын орлогын дийлэнх хэсгийг нь нэг улс бүрдүүлдэг орны хувьд түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх, үнийн хувьд өсөлттэй байгаа ч хил гааль, логистиктой холбоотой тоо хэмжээний хувьд түүхий эдээ хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй байх үе хэдэн сар дараалж үргэлжлэхэд л өрөө төлж чадахгүйд хүрэх өндөр эрсдэлтэй байгаа юм.

Хөгжиж буй улс орнуудын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж авч тэдгээрийн төлөлтүүд хийгдэх зэргээр урсгал дансаар дамжсан төлбөрийн тэнцлийн алдагдал байх нь хэвийн үзэгдэл хэдий ч урсгал данс болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал удаан хугацаанд үргэлжлэх нь гадаад валютын албан нөөц болон гадаад өр дээр том дарамт болохоос гадна валютын ханшийг сулруулах зэрэг сөрөг нөлөө маш өндөртэй. Гол нь зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг том боломж болгон түүнийг зөв зарцуулах нь хамгийн чухал юм. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, экспортыг дэмжих, улс орон өөрсдөө үйлдвэрлэгч болж түүхий эдээ дотооддоо боловсруулдаг болох, мөн аялал жуулчлалаа хөгжүүлэх үйлчилгээнд суурилсан төрөлжилт хийж валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зэргээр гадаад өр болон улсын валютын нөөцийн дарамтыг бууруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж валютын ханшийг тогтвортой байлгах нь нэн чухал байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ