АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногийн инфляцын өсөлтийн мэдээ хөрөнгө оруулагчдыг тогтворгүй байдалд оруулснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones (DJIA) индекс 1.00 хувь, S&P 500 индекс 1.82 хувь, Nasdaq Composite индекс 2.18 хувиар тус тус унасан бол Russel 2000 индекс 1.39 хувь, S&P MidCap 400 индекс 0.93 хувиар тус тус өссөн байна. Meta Platforms /Facebook/, Microsoft болон Alphabet /Google/ зэрэг томоохон технологийн хувьцааны уналт нь индексүүдийн уналтад нөлөөлсөн ч ресторан, зочид буудал, энтертаймент, агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарын компаниудын хувьцаанууд өсжээ. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын бүсийн компаниудын 2021 оны жилийн эцсийн тайлан шинжээчдийн хүлээлтээс давсан тул өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 1.61 хувь, Германы Xetra DAX индекс 2.16 хувь, Францын CAC 40 индекс 0.87 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.92 хувь, Италийн FTSE MIB индекс 1.36 хувиар тус тус өссөн байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж нь инфляцын өсөлтөөс болон өссөн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт, Японы томоохон компаниудын жилийн эцсийн тайлан сайн гарснаар Японы хөрөнгийн зах зээл өсөлттэй байсан бөгөөд Nikkei 225 индекс 0.93 хувь, TOPIX индекс 1.66 хувиар тус тус өссөн байна. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.20 хувиас 0.22 хувь хүртэл өссөн бол АНУ-ын инфляцын түвшин өндөр гарснаар, ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтийн улмаас ам.долларын ханш чангарчээ. Ингэснээр иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг суларч 115.22-с 116.02-д хүрчээ. БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчд БНХАУ-ын бодлого боловсруулагчдын зүгээс нэмэлт дарамт шахалт үүсэхгүй гэсэн эерэг хүлээлт үүсгээд байгаа тул Шанхайн нэгдсэн индекс 3 хувь, CSI 300 индекс 0.8 хувиар тус тус өссөн байн. Мөн БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж өнгөрсөн долоо хоногт 2.728 хувиас 2.81 хувь болж өссөн бол Юанийн ам.доллартой харьцах ханш 6.36 байна.
|