{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2022.03.28

БОДЛОГЫН ХҮҮГИЙН НӨЛӨӨ


Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1-р сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувь болгох шийдвэр гаргаад байсан бол 2022 оны 3-р сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргасан байна. 

Бодлогын хүү нь Төв банкнаас арилжааны банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүүг илэрхийлэх ба арилжааны банкууд бодлогын хүүг болон бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүг харьцуулах замаар зээл болон хадгаламжийн үйлчилгээний хүүгийн тухай шийдвэр гаргадаг билээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүгийн хөтөч хүү болдог байна. Доорх зурагт бодлогын хүү, банк хоорондын захын хүү болон төгрөгийн хадгаламжийн хүүгийн түвшнийг харууллаа.

Ти Ди Би Секьюритис ҮЦК-аас 2009 оноос хойших бодлогын хүүгийн болон төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл дээр тооцсон жигнэсэн дундаж хүү буюу төгрөгийн 1 сар, 3 сар, 6 сар болон 12 сар гэх мэт бүх төрлийн хугацаатай хадгаламжийн үлдэгдэл дээр тооцсон жигнэсэн дундаж жилийн хүү дээр үндэслэн бодлогын хүүгийн өөрчлөлт нь хадгаламжийн хүүд хэрхэн нөлөөлдгийг загварчлаад байгаа юм.

Загварын дагуу 2021 оны 12-р сарын эцсийн байдлаар буюу бодлогын хүү 6.0%-тай байх үед хадгаламжийн хүүгийн түвшин 7.07%-тай байхаар таамаглагдаж байсан бол бодит байдал дээр 2021 оны эцсээр 7.04%-тай байжээ. Түүнчлэн 2022 оны эхний улирлын турш бодлогын хүү өөрчлөгдөхгүй 6.0% хэвээр байх байсан гэж үзвэл загварын дагуу хадгаламжийн хүүгийн түвшин 7.0% орчим дээр тогтвортой хадгалагдахаар байжээ.

Түүнчлэн тус загварын дагуу бодлогын хүүгийн өөрчлөлт нь хадгаламжийн хүүд 3 болон 5 сарын дараа статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц нөлөөлдөг ба бодлогын хүүгийн 1 хувийн өөрчлөлт хадгаламжийн хүүд 3 сарын дараагаар 0.08% харин 5 сарын дараагаар 0.05%-аар нөлөөлдөг байна.

Хэдийгээр Монголбанкнаас 2022 он гарснаас хойш бодлогын хүүг нийт 3.0 нэгж хувиар буюу харьцангуй огцом нэмэгдүүлээд байгаа ч хадгаламжийн хүүгийн хэмжээнд тийм ч өндөр нөлөөлж чадахааргүй байгаа буюу 2022 оны эцэс хүртэл бодлогын хүүг 9.0% хэвээр үлдээвэл 2022 оны хагас жил гэхэд 1 сар, 3 сар, 6 сар болон 12 сарын гэх мэт бүх хугацаатай хадгаламжуудын жигнэсэн дундаж хүү 7.6% хүрэхээр байгаа бол оны эцсийн байдлаар тус үзүүлэлт 7.8% орчим хүрэхээр байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ