ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ МЕГА ТӨСЛҮҮДЭД ТӨВЛӨРЧ БАЙНА
2018 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 90 орчим хувь нь мега төсөлд төвлөрч байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт бүхэлдээ уул уурхайг чиглэсэн байгааг Төв банкны мэдээллээс харж болохоор байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн өнгөрсөн оны мөн үеэс 300 гаруй сая ам.доллароор өсчээ. Хөрөнгө оруулалт “Оюу Толгой” зэрэг томоохон төслүүдэд хэт төвлөрч байгаа учраас цаашид бүх салбарт шууд хөрөнгө оруулалт татах шаардлагатайг харуулж байгаа аж.
2019 онд “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байгаа гэж Сангийн яам мэдээлсэн юм. Мөн дунд хугацаанд Монгол Улсын хөрөнгө, санхүүгийн дансны өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад үнэт цаас, Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирэх төсвийн дэмжлэг гэж тооцоолжээ.
Дэлхийн банкнаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиглэлд оновчтой үр дүнд хүрэх хоёр чиглэлийг өгөөд байна. Тухайлбал, байгалийн баялагт түшиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн олборлолтын бус бусад салбаруудад чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжийг тодорхойлох зэрэг юм.
Үндэсний хөгжлийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулагчдын дэмжихийн тулд хөрөнгө оруулагчдын нэг цэгийн үйлчилгээний төвийг нэгдүгээр сарын 29-нд нээхээр төлөвлөж ажиллаж байна. Энэ талаар сүүлийн нэг жил бэлтгэж ажиллажээ.
Эх сурвалж: BloombergTv.mn