ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.06.27 - 2022.07.01
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрөгч 7 хоногт Монгол улсын хувьцааны зах зээл тогтвортой байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 619.49 сая төгрөгийн хувьцааны энгийн арилжаа хийгдэж, Топ 20 индекс 33,175.48 нэгжид хүрч 0.01%-аар буурсан.
- Монгол улсын эдийн засгийг Монголбанк 2022 онд 2.4 хувиар өснө хэмээн таамаглалаа. Таамаглалд уул уурхайн салбарын өсөлт гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтаас шалтгаалж 2022 онд удаашрахаар байгааг болон цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжилнэ хэмээх төсөөллүүд нь голлох нөлөөллүүдийг үзүүлсэн байна.
- Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани болох Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) нь тус бүрийг $0.30 доллараар үнэлсэн 20,000,000 ширхэг үнэт цаасны нэгжийг хаалттай хүрээнд борлуулж, нийт $6,000,000 санхүүжилтийг татан тѳвлѳрүүлэхээр төлөвлөж байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Холбооны Нөөцийн Банкнаас (ХНБ) өндөр инфляцын эсрэг авч хэрэгжүүлээд буй мөнгөний хумих бодлого нь эдийн засгийн өсөлт болон зах зээлийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж улмаар АНУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. "S&P 500" индексийн 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэл нь 1970 оноос хойших хамгийн их бууралттай үзүүлэлт болоод байна.
- Хувьцааны зах зээлд өргөн хэрэглээний үйлчилгээ үзүүлдэг салбар дах компаниудын (utilities) хувьцаа болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын компаниудын хувьцаа өсөлттэй байсан бол мэдээллийн технологийн салбарын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа.
- Хөрөнгө оруулагчид 7-р сарын сүүлээр ХНБ-ыг бодлогын хүүг 75 суурь нэгжээр (0.75 нэгж хувиар) өсгөж, түүний дараа нь 9-р сарын хурлаар дахин 50 суурь нэгжээр өсгөх гэх хүлээлттэй байна. Уг хүлээлт нь хувьцааны зах зээлийн өсөлтийн эсрэг байгаа тул энэ нь хувьцааны зах зээлийн уналт хараахан дуусаагүй байгааг илэрхийлж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европ дахь өндөр инфляцын түвшин болон бодлогын хүүгийн өсөлт нь эдийн засгийг хямралд оруулж болзошгүй хүлээлтийг зах зээлд үүсгээд байгаа тул Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600" индекс 1.40%, "Germany’s DAX" индекс 2.33%, "France’s CAC 40" индекс 2.34%, "Italy’s FTSE MIB" индекс 3.46%, "UK’s FTSE 100" 0.56%-ийн тус тусын бууралттай хаагдлаа.
- Европын төв банкны бодлого боловсруулагчид 7-р сард бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх хүлээлтийг дэмжсэн хэвээр байна. Харин Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард 25 суурь нэгжээр өсгөж, 9-р сард дахин өсгөх нь зүйтэй хэмээн үзэж байна.
- Евро бүсийн инфляцын түвшин "Eurostat"-ийн урьдчилсан тооцооллоор дахин дээд түвшиндээ хүрч 8.6%-д хүрэх хүлээлттэй байна. Швед улсын төв банк инфляцыг дарахын тулд жишиг хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, 0.75 хувьд хүргэсэн нь сүүлийн 20 гаруй жилд байгаагүй хамгийн өндөр өсөлт байв.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Хувьцааны зах зээлийн бууралтад томоохон төв банкнууд өндөр инфляцын түвшинтэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хумих бодлого баримталж байгаа нь нөлөөлсөн. "Nikkei 225" индекс 2.10%, "TOPIX" индекс 1.16%-ийн тус тус бууралттай хаагдсан.
- Токио хотын инфляцын түвшин 6-р сард 2.1% (YoY, өмнөх оны мөн үеэс) хүрсэн нь ирэх саруудад Япон улсын инфляцын түвшин үргэлжлэн өсөх хүлээлтийн нэмэгдүүлж байна. Хэдийгээр Япон улсын инфляцын түвшин зорилтот хэмжээнээс өндөр байгаа хэдий ч уг инфляцаас эрчим хүчний нөлөөллийг хасвал бусад орнуудтай харьцуулахад бага хэвээр байна.
- Япон улсын засгийн газар эрчим хүчний хомсдолд орж байгаа тул цөмийн реактор ашиглан цахилгаан эрчим хүч нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Учир нь тус улсын өндөр температур нь эрчим хүчний эрэлт хэрэгцээ, ялангуяа агааржуулагчийн эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байсан бөгөөд үүнд үйлдвэрлэлийн салбарын сайн гүйцэтгэл болон засгийн газраас аялал жуулчлалыг дэмжихээр коронавирусын хязгаарлалтыг хөнгөвчилсөн нь шууд нөлөөлсөн. "Shanghai Composite" индекс 1.3%, "CSI 300" индекс 1.6%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн.
- Мягмар гарагт БНХАУ-ын засгийн газар аялал жуулчлалаа дэмжихээр цар тахлын эсрэг хөл хорионы хугацааг 2 дахин багасгасан. Шинэ журмын дагуу аялагчид 7 хоног хөл хорионы байранд байрлаж, 3 хоногийн турш гэртээ өөрийн биеийн байдлаа анхаарах журамтай аж. Энэ журам нь эдийн засагт сайнаар нөлөөлөх хүлээлттэй байгаа бөгөөд үйлдвэрлэл болон үйлчилгээний худалдан авалтын менежерүүдийн албан ёсны индексүүд (PMI) 6-р сард хоёул 50-аас дээш гарсан нь журмыг сулруулахад нөлөөлсөн байна. Үйлдвэрлэлийн салбарын "PMI" 50.2 -д хүрсэн бол үйлдвэрлэлийн бус салбарын "PMI" 54.7-д хүрсэн.
- БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг 5-р сард жилийн өмнөхөөс 6.5%-аар буурсан нь 4-р сард бүртгэгдсэн 8.5%-аар буурсан бууралтаас сайжирсан үзүүлэлттэй байна.Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн шинжээчид БНХАУ-ын нийлүүлэлтийн сүлжээний саатал сүүлийн үед багасаж байгаа нь үйлдвэрлэл үйлчилгээний "PMI"-аас харагдаж байгааг болон барилгын салбарын "PMI" хангалтгүй байгаа нь БНХАУ-ын орон сууцны борлуулалт буурч байгаатай холбоотой байгааг тус тус онцолсон.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19