{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.12.12 - 2022.12.16

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.12.12 - 2022.12.16


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,900.7 нэгжид хүрч, 3.1%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол улсын хэрэглээний үнийн улсын индекс 11-р сард өмнөх сараас өөрчлөлтгүй буюу 14.5%-тай гарлаа. 10, 11-сарын инфляцын түвшин өндөрт хадгалагдахад гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт гол нөлөөг үзүүлжээ. 
  3. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 13.0%-д хүргэлээ. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх S&P 500 индекс 2 дахь 7 хоногоо дараалан бууралттай хаагдлаа. Хувьцааны зах зээлийг салбараар нь ангилбал эрчим хүчний салбараас бусад салбарын хувьцаанууд дийлэнх нь 1.0% гаруй бууралттай байлаа. Эрчим хүчний салбар өсөлттэй байсанд газрын тосны үнэ 7 хоногт өсөлттэй байсан нь шууд нөлөөллөө.
  2. 7 хоногт хөрөнгө оруулагчдын хүлээлтэд байсан 2 чухал мэдээ нийтлэгдлээ. Эхний мэдээ нь Мягмар гарагт нийтлэгдсэн инфляцын түвшний мэдээ бөгөөд 11-р сарын инфляцын түвшин 7.1%-д (жилийн өмнөх мөн үеэс) хүрч буурчээ. Энэ нь 2021 оны 12-р сараас хойших хамгийн бага инфляцын түвшин болоод байна. Харин хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляц 11-р сард сарын өмнөх үзүүлэлтээс 0.2%-иар өсжээ. Инфляцын түвшин бууралттай байгаа хэдий ч Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) урт хугацааны зорилтот түвшин болох 2.0%-иас өндөр хэвээр байна.
  3. ХНС-ийн тэргүүн 12-р сарын Мөнгөний бодлогын хурлын мэдэгдлийг Лхагва гарагт танилцуулснаар АНУ-ын хувьцаанууд буурч эхэлсэн. Тодруулбал, АНУ-ын төв банкнаас зах зээл дэх өргөн хүлээлтийн дагуу бодлогын хүүг 0.5%-иар (50 суурь нэгж) өсгөж зорилтот хүүгийн интервалыг 4.25%-4.50%-д хүргэсэн боловч 2023 оны Нээлттэй зах зээлийн хорооны (FOMC) бодлогын хүүгийн медиан төсөөлөл 4.6%-иас 5.1%-д хүрч өссөн нь зах зээлд сөрөг нөлөөг үзүүлсэн.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бодлогын хүү өсөж, хүүгийн түвшин өндөр хэмжээнд удаан хугацаанд хадгалагдах төлөвтэй байгаа нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ. 
  2. Европын төв банк бодлогын хүүгээ 0.5%-иар (50 суурь нэгж) өсгөж хүүгийн түвшин 2.0%-д хүрлээ. Бодлогын хүүгийн өсөлт нь сүүлийн 2 удаа дараалан өсгөсөн 0.75%-иас бага байсан хэдий ч төв банкны ерөнхийлөгч инфляцыг зорилтот хэмжээнд хүргэхийн тулд тогтвортой хурдаар өсгөсөөр байх шаардлагатай болохыг онцоллоо.
  3. Евро бүсийн бизнесийн идэвхжил 12-р сард урьдчилсан тооцооллоор агшилттай байх хүлээлттэй байна. Хэрэв 12-р сард S&P flash PMI агшилттай буюу 50-иас доош утгатай гарвал энэ нь 6 сар дараалан агшсан үзүүлэлт болох юм.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын төв банкны тэргүүн 2023 онд мөнгөний хумих бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохоо илэрхийлсэн болон бусад томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа нь дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлж улмаар Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. "Nikkei 225" индекс 1.3%, "TOPIX" индекс 0.6%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт суларч 1 ам.доллар 136.6 иентэй тэнцлээ. Иений ханш ам.долларын эсрэг сулрахад АНУ-ын төв банк мөнгөний хумих бодлогоо үргэлжлүүлэн баримтлах төсөөлөлтэй байгаагаа мэдэгдсэн нь гол нөлөөг үзүүллээ. Иений ханш АНУ болон Япон улсын төв банкны бодлогын зөрүүтэй байдлаас үүсэж суларсаар байгаа хэдий ч Японы төв банк 12-р сарын 19, 20-нд болох Мөнгөний бодлогын хурлаараа мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах төлөвтэй байна.
  3. Япон улсын 12-р сарын PMI үзүүлэлтээс харвал үйлчилгээний салбар тэлэлттэй байгаа бол үйлдвэрлэлийн салбар агшилттай байна. Үйлчилгээний салбар тэлэлттэй байхад Япон улсын засгийн газраас аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор COVID-ийн хязгаарлалтаа сулруулсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд таагүй гарснаар тус улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, "Shanghai Composite" 1.2%, "CSI 300" индекс 1.1%-ийн тус тус бууралттай хаагдлаа. БНХАУ-ын дэд ерөнхий сайд Бээжин хотын үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих шинэ бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбар 7 хоногт өсөлттэй байхад нөлөөллөө.
  2. БНХАУ нь эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилгоор цар тахлын хязгаарлалтуудаа сулруулсан хэдий ч эдийн засаг өндөр өсөлттэй байх нь эргэлзээтэй байна. Тодруулбал, хязгаарлалтууд суларсан хэдий ч халдвар авагчдын тоо өндөр байгаа болон ажиллах хүчний хомсдолтой байгаа нь эдийн засаг өндөр өсөлттэй байхад сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа юм.
  3. БНХАУ-ын Ардын банк 1 жилийн хугацаатай дунд хугацааны зээлийн хөтөлбөрөөрөө дамжуулан банкны системд 650 тэрбум юанийн санхүүжилт олголоо. Уг шийдвэр нь санхүүгийн системийн хөрвөх чадварыг хангалттай хэмжээнд хадгалах зорилготой байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ