ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.02.20 - 2022.02.24
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 40,040.88 нэгжид хүрч, 5.4%-ийн өсөлттэй хаагдлаа. Үүнд, Таван толгой ХК-ийн (TTL) хувьцааны ханш 32.1% өссөн нь гол нөлөөг үзүүлэв. (Монголын хөрөнгийн бирж нь Сар шинийн баярыг тохиолдуулан Мягмар гарагаас Пүрэв гарагийг дуустал ажиллаагүй.)
- Таван толгой ХК-ийн (TTL) борлуулалтын орлого 2022 оны тайлант жилд 692.53 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн өмнөх үзүүлэлтээс 286.2%, цэвэр ашиг 289.01 тэрбум төгрөгт хүрсэн нь 1818.4% тус тус өссөн үзүүлэлт боллоо. Мөн 2-р сарын 25-ны өдөр Таван толгой ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан буюу нэгж хувьцаанд 2,743.8 төгрөг нийт 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо.
- Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.1%-иар суларч, 1 ам.доллар 3,517.7 төгрөгтэй тэнцсэн бол БНХАУ-ын юанийн эсрэг 0.7%-иар чангарч, 1 юань 507.1 төгрөгтэй тэнцлээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Инфляцын дарамт үргэлжилж буйг батлах үзүүлэлт мэдээлэгдсэнээр S&P 500 индекс 2.7%, DJIA индекс 3.0% тус тус 7 хоногт буурлаа. DJIA индексийн хувьд 2023 онд 1.0%-ийн сөрөг өгөөжтэй болж эхлээд байна. Баасан гарагт мэдээлэгдсэн хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс 1-р сард 0.6%-иар өссөн үзүүлэлттэй гарсан юм. (Хоол хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон.) Энэ нь 2022 оны 8-р сараас хойших хамгийн өндөр өсөлт болж, хөрөнгө оруулагчдад түгшүүр төрүүлж улмаар хувьцааны ханш унаж эхэлсэн.
- Холбооны Нөөцийн Сан (FED) өндөр инфляцын дарамттай тулгараад байгаа нь тоон үзүүлэлтээр батлагдаад байгаа тул ХНС бодлогын хүүгээ 2022 оны 12-р сарын Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хорооны гишүүдийн медиан төсөөлөл болох 5.1%-иас өндөр түвшинд хүргэх нь тодорхой болоод байна. Одоогоор төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлж хүүгийн түвшнийг 4.50%-4.75% хүргэсэн байна.
- АНУ-ын томоохон нээлттэй компаниудын хувьд ажиллах хүчний зардлаа танахаар ажилчдаа цомхотгох тохиолдол их байгаа билээ. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин 3.4% болон сүүлийн үеийн ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 2022 оны дундаж буюу 220 мянга орчмоос доогуур байгаа нь тус улсыг хөдөлмөрийн зах зээлийн хомсдолтой байгааг баталж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Эдийн засгийн үзүүлэлт болон аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа сайн гарсан нь төв банкны бодлогын хүү өсөх хүлээлтийг нэмэгдүүлж улмаар Европын хувьцааны зах зээлийн жишиг индексүүд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Евро бүсийн бизнес идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 2-р сард 50.3-аас 52.3-д хүрч өссөн нь сүүлийн 9 сарын дээд үзүүлэлт болов.
- Евро бүсийн 1-р сарын инфляцын түвшин 9.2%-иас 8.6%-д хүрч буурсан билээ. Гэсэн хэдий ч эрчим хүч болон хүнсний нөлөөг хасаж тооцсон суурь инфляц 5.2%-иас 5.3%-д хүрч өссөн нь Евро бүсэд өндөр инфляцын дарамт үргэлжилж байгааг баталж байна.
- Герман улсын эдийн засаг 2022 оны 4-р улиралд 0.4%-иар агшсан нь төв банкны баримталж буй мөнгөний хумих бодлогын нөлөө эдийн засгийн өсөлтийг сааруулж буйг баталлаа. Тоон мэдээллээс харвал өрхийн хэрэглээ болон бизнесийн хөрөнгө оруулалтын дүн буурсан нь эдийн засаг агшилттай гарахад гол нөлөөг үзүүлжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт сөрөг өгөөжтэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.2%, "TOPIX" индекс 0.2%-ийн тус тус бууралттай байлаа.
- Японы төв банкны дараагийн ерөнхийлөгч болохоор хүлээгдэж буй Казуо Уэда одоогийн баримталж буй мөнгөний хэт зөөлөн бодлого нь сөрөг үр дагавартай буйг парламентын доод танхимд болсон хурлын үеэр хүлээн зөвшөөрлөө. Гэсэн хэдий ч өнөөгийн эдийн засаг, инфляц болон зах зээлийн хэтийн төлөвийг харгалзан үзвэл мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах нь зүйтэй хэмээн онцоллоо. Япон улсын төв банк нь мөнгөний зөөлөн хүрээнд бодлогын хүүгээ -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжөө 0.5%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
- Япон улсын 1-р сарын суурь инфляцын түвшин 4.2%-д хүрсэн нь сүүлийн 41 жилийн хамгийн дээд түвшин болоод байна. Уг инфляц нь эрэлтийн гаралтай бус импортын буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гаралтай байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын агаарын бөмбөлөг АНУ-ын газар нутаг дээгүүр ниссэн нь тагнуулын шинж чанартай байсан тул 2 улс хоорондын дипломат харилцаанд асуудал үүсэж БНХАУ-ын хувьцааны зах зээл 3-н долоо хоног дараалан уналттай байсан билээ. Харин өнгөрөгч 7 хоногт хөрөнгө оруулагчдын санаа зовнил намжсанаар тус улсын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. "Shanghai Composite" индекс 1.3%, "CSI 300" индекс 0.7% тус тус 7 хоногт өслөө.
- БНХАУ-ын Ардын банк 1 жил болон 5 жилийн хугацаатай жишиг хүүгээ хэвээр үлдээж, мөнгөний зөөлөн бодлогоо цаашид баримтлахаар шийдвэрлэлээ. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналттай, экспортын дүн буурсан байгаа тул төв банк цаашид ч зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах төлөвтэй байна.
- АНУ-ын ерөнхийлөгч Байдены засаг захиргаа 10-р сард БНХАУ-д дэвшилтэт хагас дамжуулагч болон зарим төрлийн чипийг худалдахыг хориглох арга хэмжээ авахаа зарласан билээ. Харин үүний дараа БНХАУ-ын агаарын бөмбөлөг тагнуулын шинж чанартай АНУ-ын газар нутаг дээгүүр ниссэн нь улс хоорондын стратегийн өрсөлдөөн, болон дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19