{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.02.27 - 2022.03.03

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.02.27 - 2022.03.03


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 39,653.69 нэгжид хүрч, 0.97%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 31 хувьцаат компани, нэг хамтын хөрөнгө оруулалтын сан /MSE:XOC/ нийт 303 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор зарлаад байна. 2022 оны хагас жилээр 5 хувьцаат компани нийт 54 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр компаниудын дундаж ногдол ашгийн өгөөж 3.9% байгаа ба “Тавантолгой” ХК-ийн (MSE:TTL) өгөөж 17.1%-д хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.2%-иар суларч, 1 ам.доллар 3,523.7 төгрөгтэй тэнцсэн. Мөн БНХАУ-ын юанийн эсрэг 0.2%-иар суларч, 1 юань 510.71 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Сүүлийн 2 сарын хамгийн өндөр уналтаа үзүүлээд байсан АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эрчим хүч, түүхий эдтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар болон харилцааны холбооны салбарын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа. S&P 500 индекс техник шинжилгээгээр 200 өдрийн хөдөлгөөний дундаж цэг дээр (moving average) дэмжлэг авч өсөлтийг үзүүлсэн хөдөлгөөн ажиглагдлаа.
  2. Пүрэв гарагт Атлантагийн Холбооны нөөцийн ерөнхийлөгч Рафаэль Бостич хурлын үеэр Холбооны Нөөцийн Сантай (ХНС) холбоотой онцлох зүйлсийг мэдээллээ. Тэрээр инфляцын дарамт үргэлжилж буйг онцолсон хэдий ч 3-р сарын хурдаар бодлогын хүүг 0.25%-иар өсгөхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн бодлогын хүүг 5.00%-5.25%-д хүргэж 2024 хүртэл бууруулахгүй байх нь зөв юм хэмээн онцоллоо.
  3. 7 хоногт мэдээлэгдсэн эдийн засгийн хамгийн чухал мэдээ нь 1-р сарын хүлээгдэж буй орон сууцны борлуулалтын хэмжээ байлаа. Тодруулбал, 1-р сард тус үзүүлэлт сарын өмнөх үзүүлэлтээсээ 8.1%-ийн өсөлттэй гарлаа. Үндэсний риэлторуудын холбооны ахлах эдийн засагчийн хэлж буйгаар үүнийг моргейжийн зээлийн хүү 10-р сараас эхлэн буурсантай холбож тайлбарлалаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бодлогын хүү өсөх сөрөг хүлээлтээс илүүтэйгээр хөрөнгө оруулагчдын зах зээлийн хэтийн төлөвийн төсөөлөл өөдрөг байгаа нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ.
  2. Евро бүсийн 2-р сарын инфляцын түвшин 8.6%-иас 8.5%-д хүрч буурлаа. Гэсэн хэдий ч эрчим хүч болон хүнсний нөлөөг хасаж тооцсон суурь инфляц 5.3%-иас 5.6%-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Евро бүсийн 1-р сарын ажилгүйдлийн түвшин 6.7% буюу түүхэн доод түвшиндээ хэвээр хадгалагдлаа.
  3. Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард 3-р сарын 16-д болох хурлаар бодлогын хүүг 0.50%-иар өсгөх шаардлагатайг онцоллоо. Тэрээр "3-р сарын хурлаар бодлогын хүүг 0.50%-иар өсгөх бүхий л үндэслэл бидэнд бий." хэмээн хэллээ. 2-р сарын хурлын тэмдэглэлд инфляцын түвшин тогтворжсоныг нотлох шинж тэмдгүүд бага байгааг дурдаж, инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд дахин өсгөх ёстойг онцолсон байсан юм.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. "NIKKIE 225" индекс 1.7%, "TOPIX" индекс 1.6%-ийн тус тус өсөлттэй байлаа. 
  2. Хөрөнгө оруулагчид 4-р сарын 9-д Японы Төв банкны дараагийн ерөнхийлөгч болохоор хүлээгдэж буй Казуо Уэдагийн мөнгөний зөөлөн бодлогын тасралтгүй байдлыг онцолж буй болон БНХАУ-ын эдийн засаг ковидын түгжрэлээс сэргэж байгаа шинж тэмдгүүдийг эергээр хүлээн авч байна.
  3. Токио хотын 2-сарын инфляцын түвшин сүүлийн 41 жилийн дээд түвшин болох 4.3%-иас 3.3%-д хүрч буурлаа. Япон улсын Засгийн газар 2023 оны 1-р сараас 8-р сар хүртэл эрчим хүчний татаас өгч байгаа нь тус улсын инфляц зорилтот 2.0%-иас өндөр байхад гол нөлөөг үзүүлж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засаг хурдацтай сэргэж байгааг батлах эдийн засгийн үзүүлэлтүүд 7 хоногт мэдээлэгдсэнээр тус улсын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. "Shanghai Composite" индекс 1.9%, "CSI 300" индекс 1.7% тус тус 7 хоногт өслөө. БНХАУ-ын ардын их хурал 3 сарын 5-д эхэлсэн бөгөөд 7 хоног үргэлжлэх төлөвтэй байна. Уг хурал нь 5 жил тутамд болдог ба хурлаар эдийн засгийн бодлогын өөрчлөлт, удирдах албан тушаалтнуудын өөрчлөлт зэргийн талаар хэлэлцдэг.
  2. БНХАУ-ын 2-р сарын үйлдвэрлэлийн PMI 50.1-ээс 52.6-д хүрч өслөө. Уг үзүүлэлт нь 2012 оны 4-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн үйлдвэрлэлийн бус PMI 54.4-өөс 56.3-д хүрч өслөө. Баасан гарагт БНХАУ-ын Ардын Банкны (PBOC) ерөнхийлөгч И Ган эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж магадгүй хэмээн онцоллоо.
  3. БНХАУ-ын Топ-100 барилгын компанийн шинэ орон сууцны борлуулалт 2-р сард 461.56 тэрбум юань буюу 66.8 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь тус улсын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих бодлого баримталж буйн үр дүнг илэрхийлж байна. Уг үзүүлэлт нь жилийн өмнөх үзүүлэлтээс 14.9% өссөн үзүүлэлт юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ