ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.03.20 - 2022.03.24
ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,441.83 нэгжид хүрч, 5.33%-ийн бууралттай хаагдлаа. ТОП-20 индекс буурахад МХБ-ийн I-р ангилалд бүртгэлтэй Таван толгой ХК-ийн (TTL) хувьцааны ханш 10,940 төгрөгт хүрч 27.50% буурсан нь гол нөлөөг үзүүллээ.
- 2023 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1,224 сая ам.доллароор өсөж 3,442 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 90% буюу 1,063 сая ам.доллароор, импорт 15% буюу 160 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 903 сая ам.доллароор өсөж 1,045 сая ам.долларын ашигтай гарлаа.
- Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.1%-иар чангарч, 1 ам.доллар 3,525.5 төгрөгтэй тэнцлээ. Харин БНХАУ-ын юанийн эсрэг 0.2%-иар суларч, 1 юань 514.67 төгрөгтэй тэнцлээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Банкны салбарын тодорхойгүй байдлын улмаас бодлогын хүү өндөр түвшинд өсөх хүлээлт багассан болон ХНЗЗХ-ны (FOMC) 2023 оны 3-р сарын эдийн засгийн шинэчлэгдсэн төсөөллөөр бодлогын хүүгийн медиан төсөөлөл 2023 онд 5.1%-д хэвээр хадгалагдсан нь АНУ-ын хувьцааны зах зээлийг 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын хувьцаанууд өндөр өсөлттэй байсан бол санхүүгийн салбарын хувьцаанууд 3 дах 7 хоногоо дараалан доогуур гүйцэтгэлтэй байлаа. Ман арилжааны банкнуудын хөрвөх чадварын тодорхойгүй байдлын эрсдэлтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьцаанууд өндөр бууралттай байлаа.
- Пүрэв гарагт болсон ХНС-ийн Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хурал нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. ХНС уг хурлаар бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 4.75%-5.0%-д хүргэлээ. Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хурлаар үндсэн 2 дохиог зах зээлд өглөө. Нэгт, инфляцыг хяналтдаа авах. (Инфляцыг зорилтот 2.0%-ийн түвшинд хүргэх.) Хоёрт, Банкны системийн хямралыг даамжруулахгүй байх. ХНС-ийн зүгээс банкны хямралыг даамжруулахгүйн тулд гэнэтийн зээл олгох, мөн бусад бодлогын хэрэгслүүдийг ашиглаж хөрвөх чадварыг дэмжсээр байх болохыг мэдэгдлээ. Бидний харж буйгаар Мөнгөний хумих бодлогын сөрөг нөлөө нь банкны системийн хөрвөх чадварт сөрөг нөлөөтэй байгаа хэдий ч системийн нөлөө бүхий банкнууд нь 2008 оны хямралтай харьцуулахад сайн баланс, орлогын төрөлжсөн эх үүсвэр, зохицуулагч байгууллагуудын өндөр хяналттай тул банкны систем том хямралд өртөхгүй гэж бодож байна.
- АНУ-ын 3-р сарын S&P Global Composite PMI үзүүлэлт 47.5-аас 53.3-д хүрч өслөө. (PMI үзүүлэлт 50-аас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.) Үүнээс дүгнэхэд АНУ-ын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбар нь өндөр идэвхжилтэй байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Банкны салбарын тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа хэдий ч Европын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 0.87%-ийн өсөлттэй хаагдлаа. Хувьцаануудыг ангилбал банкны хувьцаанууд өндөр бууралттай байлаа. Үүнд, UBS хөрөнгө оруулалтын банк өрсөлдөгч болох Credit Suisse-ийг зах зээлийн үнэлгээнээс нь хямд үнэлгээтэйгээр буюу 3.25 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл хийсэн нь гол нөлөөг үзүүлсэн юм.
- Английн төв банк өндөр инфляцыг дарахаар бодлогын хүүгээ 11 дэх удаагаа дараалан буюу 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 4.25%-д хүргэлээ. Английн төв банкны бодлогын шийдвэр гарахаас өмнө тус улсын Санхүүгийн бодлогын хороо нь Их Британийн банкны систем нь хүчирхэг капитал болон хөрвөх чадварын байр сууриа хэвээр хадгалж байна хэмээн онцолсон байна. Их Британийн 2-сарын байдлаар инфляцын түвшин нь 10.4%-тай байна.
- Евро бүсийн бизнесийн үйл ажиллагаа 3-р сард хүлээгдэж байснаас илүү хурдацтай өссөн нь үйлчилгээний салбарын хүчтэй өсөлтөөс үүдэлтэй байна. S&P Global-ын Евро бүсийн Composite PMI 2-р сард 52.0 байсан бол 3-р сард сүүлийн 10 сарын дээд цэгтээ буюу 54.1-д хүрлээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. NIKKEI 225 индекс 0.2%-ийн өсөлттэй байсан бол TOPIX индекс 0.2%-ийн бууралттай байлаа. Японы төв банк бусад өндөр хөгжилтэй орнуудын төв банктай адил олон улсын банкны салбарт хөрвөх чадварыг дэмжих бодлогын арга хэмжээ авахаа 3 сарын 19-ний өдөр мэдэгдлээ. Уг шийдвэр нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
- Япон улсын 2-р сарын суурь инфляцын түвшин сүүлийн 40 жилийн дээд түвшин болох 4.2%-иас 3.1%-д хүрч буурлаа. Япон улсын Засгийн газар 2023 оны 1-р сараас 8-р сар хүртэл эрчим хүчний татаас өгөхөөр болсон нь инфляц буурахад нөлөөлсөн байна. Тус улсын Засгийн газар эрчим хүчний татаас болон бага орлоготой өрхүүдийг дэмжих зорилгоор уг хөтөлбөртөө зориулан дахин 2 их наяд иен нэмэх төлөвлөгөөг баталлаа.
- Япон улсын 3-р сарын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын идэвхжил зөрүүтэй байлаа. Засгийн газраас аялал жуулчлалын салбараа дэмжихээр бодлогын арга хэмжээ авч байгаа нь үйлчилгээний салбар өндөр идэвхжилтэй байхад нөлөөлсөн бол үйлдвэрлэлийн салбарын идэвхжил бууралттай байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Олон улсын банкны салбарын эрсдэлд БНХАУ-ын банкнууд өртөх магадлал бага гэх хүлээлттэй холбоотойгоор БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Shanghai Composite индекс 0.5%, CSI 300 индекс 1.7%-ийн тус тус өсөлттэй байлаа.
- БНХАУ-ын Ардын банк (PBOC) 1 жил болон 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүг (LPR) 7 дах сараа дараалан 3.65% болон 4.3% хэвээр үлдээлээ.
- Цар тахлын бодлогоо цуцалж байгаатай холбоотойгоор тус улсын эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлттэй байна. Гэсэн хэдий ч олон улсад үүсээд буй банкны салбарын эрсдэл нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг сааруулж байгаа сул талтай байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19