{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.24 - 2022.04.28

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.04.24 - 2022.04.28


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,775.28 нэгжид хүрч, 0.32%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Даваа гарагт MONGOLIAN MINING CORPORATION 2024 онд дуусах 9.25%-ийн купонтой ам.долларын бонд дээрээ нэгжийн үнийг нь 1,000 ам.доллароор (par value $100) худалдан авах нийт 350.2 сая ам.долларын тендер санал тавьсан билээ. Гэсэн хэдий ч тендер саналаа Лхагва гарагийн орой цуцалсан юм. Үүний дараагаар 96.0 ам.доллар байсан бондын үнэ 91.7 ам.долларт хүрч өгөөж нь жилийн 19% орчим болоод байна.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.3%-иар чангарч, 1 ам.доллар 3,475.7 төгрөгтэй тэнцлээ. Мөн БНХАУ-ын юанийн эсрэг 0.8%-иар чангарч, 1 юань 502.0 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хувьцаат компаниудын 2023 оны 1-р улирлын тайлан сайн гарсан нь АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Зах зээлийн үнэлгээ том компаниуд болох Microsoft, Apple, Amazon.com, болон Meta Platforms-ийн ашгийн үзүүлэлтүүд сайн гарч хувьцааны ханшнууд өссөн нь индексийн өсөлтөд гол нөлөөг үзүүллээ. S&P 500 индекс 0.9%, DJIA индекс 0.9%, Nasdaq Composite индекс 1.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Баасан гарагийн байдлаар S&P 500 индексэд багтах компаниудаас нийт 267 компани 2023 оны 1-р улирлын тайлангаа танилцуулсан байна. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эрчим хүч, өргөн хэрэглээ, аж үйлдвэр, технологийн салбарын компаниудын ашгийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтээс дээгүүр үзүүлэлттэй гарсан тохиолдол өндөр байна.
  3. Пүрэв гарагт АНУ-ын 2023 оны 1-р улирлын ДНБ-ийн өсөлт 1.1% гарсан нь мэдээлэгдлээ. Дийлэнх шинжээчдийн хувьд эдийн засгийн өсөлтийг 2% орчим гарна гэх хүлээлттэй байсан юм.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Зээлийн хүүгийн өсөлт Европын эдийн засгийг хямралд оруулах вий гэх хөрөнгө оруулагчдын айдастай холбоотойгоор Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. FTSE 100 Index индекс 7 хоногт 0.6%-ийн бууралттай хаагдлаа.
  2. 2023 оны 1-р улиралд Евро бүсийн эдийн засаг 0.1%-ийн өсөлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлт саарч байгаа нь хөрөнгө оруулагчдад хямралын айдсыг үүсгээд байна.
  3. Герман улсын инфляцын түвшин 4-р сард 7.8%-иас 7.6% болж буурлаа. Харин Франц улсын инфляцын түвшин 4-р сард 6.7%-иас 6.9% болж өссөн үзүүлэлттэй байна. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. NIKKEI 225 индекс 1.0%, TOPIX индекс 1.1% тус тус өсөлттэй хаагдлаа. Японы төв банк Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүү буюу банкнуудын харилцахад тооцож буй хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийг 0%-д барих шийдвэрээ хэвээр хадгалахаар болсныг мэдэгдсэн нь хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүллээ.
  2. 4-р сарын 27-28-нд Японы төв банкны шинэ ерөнхийлөгч Казуо Уэда-ын Мөнгөний бодлогын анхны хурал боллоо. Хурлыг тоймловол: Цалингийн үнийн өсөлтөөр дамжсан тогтвортой инфляцыг бий болгоно; Эдийн засгийн тодорхойгүй байдал өндөр байна; 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 0%-д барина; Иений ханшийн сулралд анхаарал хандуулна; хэмээн тус тус онцоллоо. 
  3. Японы төв банк инфляцын таамгаа шинэчиллээ. Тус улсын төв банк суурь инфляцын түвшнийг 2023 онд 1.8%, 2024 онд 2.0%, 2025 онд 2.6% гэж тус тус таамаглалаа өсгөөд байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.7%-ийн өсөлттэй байсан бол CSI 300 индекс 0.1%-ийн бууралттай байлаа. 
  2. БНХАУ-ын 2023 оны 1-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн 4.5%-ийн өсөлттэй гарлаа. Үүнд, Ардын банкны мөнгөний зөөлөн бодлого, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөнгөлөлттэй зээл болон ковидын хязгаарлалт цуцлагдаж экспорт тогтвортой өсөж буй нь гол нөлөөг үзүүлсэн байна. Гэсэн хэдий ч томоохон төв банкнууд Мөнгөний хумих бодлого баримталж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор бодлого боловсруулагчид бодлогын шийдвэртээ болгоомжтой хандсан хэвээр байна. 
  3. БНХАУ-ын үндэсний статистикийн товчооны мэдээлснээр 2023 оны 1-р улиралд БНХАУ-ын аж үйлдвэрийн фирмүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 21.4% буурсан байна. Экспорт болон үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч фирмүүдийн ашиг буурсан нь зах зээлд эрэлт бага хэвээр байгааг илтгэж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ