{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.08 - 2022.05.12

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.08 - 2022.05.12


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,383.62 нэгжид хүрч, 1.42%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 5-р сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Худалдаа Хөгжлийн банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Худалдаа Хөгжлийн банк нь Монголын банкны секторын шилдэг олон улсын банк бөгөөд хамгийн том байгууллагын банк. Мөн олон улсын зах зээлд 5 удаа бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц арилжааны банк юм.
  3. 2023 оны 4-р сарын байдлаар Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэсэн 4 төрлийн үнэт цаас нийт 120 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Уг үнэт цаасны арилжаан дээр оны эхэн үеэс хойш арилжаалагдсан нүүрсний 668 тэрбум төгрөг, “ХААН банк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгад ирсэн 336 тэрбум төгрөгийн үнийн дүнг нэмбэл 2023 оны байдлаар МХБ дээр нийт 1.1 их наяд төгрөгийн арилжаа явагдаад байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. S&P 500 индексийн дийлэнх компаниуд 2023 оны 1-р улирлын тайлангаа танилцуулж дууслаа. Нийт 457 компани тайлангаа танилцуулснаас компаниудын 77% нь шинжээчдийн таамгийг эвдсэн, 5% нь шинжээчдийн таамагтай таарсан, 18% нь шинжээчдийн хүлээлтээс доогуур ашигт ажиллагаатай гарлаа. 
  2. Alphabet компани хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын платформоо өнгөрөгч 7 хоногт танилцуулсан нь амжилттай болж улмаар технологийн салбарын хувьцаануудын ханшид эерэг нөлөө үзүүллээ. Харин технологийн салбарын хувьцаануудаас бусад салбарын хувьцаанууд уналттай байсан ба S&P 500 индекс 0.3%, DJIA индекс 1.1% тус тус уналттай хаагдлаа.
  3. АНУ-ын 4-р сарын хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон инфляц буюу суурь инфляцын түвшин жилийн өмнөх үеэс 5.5%-ийн өсөлттэй гарлаа. Үндсэн инфляцын түвшний хувьд 4.9%-тай гарлаа. АНУ-ын инфляцын түвшин 2022 оны оргил үеийн түвшнээсээ 10 сар дараалан буураад байгаа хэдий ч төв банкны бодлого боловсруулагчид ирээдүйн эдийн засгийн өсөлт, инфляцын түвшний төсөөллөө өөрчлөх хүлээлтгүй байна.
  4. Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо сүүлийн нэг жилийн дээд хэмжээндээ хүрээд байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн хатуу чанга байдал суларч эхэлж байгаа нь цалингийн өсөлтийг бууруулах улмаар инфляцын дарамт буурахад эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл 7 хоногт өөрчлөлтгүй байлаа. Европын төв банкны бодлогын хүүгээ өсгөх хүлээлт зах зээлд шингэсэн нь Европын хувьцаануудын ханш өөрчлөлтгүй байхад нөлөөллөө. STOXX Europe 600 индекс 7 хоногт 0.0%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Герман улсын үйлдвэрлэлийн захиалга хүлээгдэж байснаас илүү буурлаа. Тус улсын үйлдвэрлэлийн захиалга 3-р сард 10.7%-иар буурсан нь эдийн засгийн өсөлт саарч байгаа дохиог өгөөд байна. 
  3. Английн төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж, хүүгийн түвшнийг 4.5%-д хүргэлээ. Бодлого боловсруулагчдын 7 нь бодлогын хүүг өсгөхийг дэмжсэн бол 2 нь бодлогын хүүг өсгөхийг дэмжсэнгүй. Гэсэн хэдий ч дийлэнх саналаар бодлогын хүүг өсгөж 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэлээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Зах зээл өсөлттэй байхад хувьцаат компаниудын 2023 оны 1-р улирлын тайлан сайн гарсан нь эерэг нөлөө үзүүллээ. NIKKEI 225 индекс 0.8%, TOPIX индекс 1.0%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. 1955 оноос хойш жил бүр зохиогдсоор ирсэн Японы "shunto" уулзалт 2023 онд бизнесийн байгууллага, үйлдвэрлэл болон Засгийн газрын удирдлагууд дунд зохиогдож хурлаар удирдлагууд цалингаа сүүлийн 10 жилийн хамгийн өндрөөр өсгөхөд санал нэгдсэн билээ. Хурлын үр дүнгээс бизнесийн байгууллагууд 2023 онд суурь цалингаа 3.0%-иас дээш өсгөх төлөвтэй байгаа нь мэдээлэгдсэн юм. Гэсэн хэдий ч Япон улсын 3-р сарын цалингийн өсөлт 0.8%-ийн өсөлттэй гарлаа. Энэ нь төв банк Мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах дохиог зах зээлд өгөөд байна.
  3. АНУ-ын дефолтын эрсдэл болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах эрсдэл Япон улсын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөрөг нөлөө үзүүлж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтөд санаа зовнисноор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.9%, CSI 300 индекс 2.0%-ийн тус тус бууралттай байлаа.
  2. БНХАУ-ын 4-р сарын инфляцын түвшин 0.7%-иас буурч 0.1%-д хүрлээ. Уг инфляцын түвшин нь 2021 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшин болоод байна. БНХАУ-ын төв банк инфляцыг зорилтот түвшинд хүргэх, эдийн засгийн өсөлтөө цар тахлын өмнөх трендээр хурдтай өсгөх зорилгоор мөнгөний зөөлөн бодлогоо ойрын хугацаанд баримталсаар байх төлөвтэй байна.
  3. БНХАУ-ын 4-р сарын экспорт жилийн өмнөх мөн үеэс 8.5% өссөн бол импорт 7.5%-ийн бууралттай гарчээ. Тус улсын худалдааны тэнцэл 4-р сард  90.21 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ