ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.07.17 - 2022.07.21
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,902.74 нэгжид хүрч, 1.3%-ийн уналттай хаагдлаа.
- 2023 оны эхний хагас жилд Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор (2.4 дахин) өсжээ. Харин 2023 оны 6 дугаар сард 472.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 79.8 сая ам.доллароор (20.3%) өссөн байна. Монгол улс БНХАУ-тай 2023 оны эхний хагас жилд 8.6 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.0%-ийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.4%-ийг чулуун нүүрс, 19.1%-ийг зэсийн баяжмал эзэлж байна.
- Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6%-иар, өмнөх сараас 0.7%-иар тус тус өссөн байна. 2023 оны 6 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болсон ба Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.83 сая төгрөг байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хөдөлмөрийн зах зээл нягт байгаа хэдий ч инфляц дарамт буурч байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж байна. Шинжээчид 2022 оны сүүл үеэс эхлэн АНУ-ын эдийн засгийг хямралд өртөх өндөр магадлалтайг онцолсоор байсан билээ. Гэвч өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэхэд тус улсын эдийн засаг 2023 онд зөөлөн газардах боломжтой болоод байгаа юм. Эдийн засаг зөөлөн газардах хөрөнгө оруулагчдын эерэг хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өндөр өсөлтийг үзүүллээ.
- АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Bloomberg TV-д орсон ярилцлагадаа хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, инфляцын өсөлт удааширч байгааг харгалзан үзвэл АНУ-ын эдийн засгийг хямралд орно гэж бодохгүй байна хэмээн онцоллоо.
- 7 сарын 25-26-д болох Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын хурал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Инфляцын түвшин буурч байгаа нь бодлогын хүүг өсгөх дарамтыг бууруулж буй хэдий ч төв банк уг хурлаар бодлогын хүүг өсгөх өндөр магадлалтай байна. Учир нь суурь инфляцын түвшин хангалттай хэмжээнд буураагүй байгаа юм.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Инфляцын түвшин бууралттай байгаа нь бодлогын хүүг өндрөөр өсгөх хүлээлтийг бууруулж улмаар Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 3.1%, STOXX Europe 600 индекс 1.0%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг суларсан нь FTSE 100 индекс 3.1% өсөхөд нөлөөллөө. Учир нь FTSE 100 индекс дэх компаниудын дийлэнх нь ам.доллароор орлого олдог буюу үндэстэн дамнасан компаниуд байгаа юм.
- Их Британийн инфляцын түвшин 5-р сард 8.7% байсан бол 6-р сард бензиний үнийн бууралтаас болж 7.9% болж буурлаа. Инфляцын түвшний бууралт нь Английн төв банкны таамаглалын дагуу буурж байна.
- Евро бүсийн эдийн засаг 2023 оны эхний улиралд эдийн засгийн уналтаас зайлсхийлээ. Дийлэнх шинжээчдийн хувьд Евро бүсийн эдийн засгийн 2023 оны эхний улиралд 0.1%-иар агшина хэмээн таамаглаад байсан юм.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.3%-иар буурсан бол TOPIX индекс 1.0%-ийн өсөлттэй хаагдлаа. Зах зээл тодорхойгүй байдалтай байгаа нь Японы төв банкны 7 сарын 27-28-д болох Мөнгөний бодлогын хуралтай холбоотой байна. Учир нь Японы төв банк Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйн хяналтын хязгаараа өөрчилнө гэх хүлээлт буураад байгаа юм.
- Япон улсын засгийн газар 2023 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 1.5%-иас 1.3% болгон буурууллаа. Мөн 2023 оны санхүүгийн жилийн инфляцын таамаглалыг 1.7%-иас 2.6%-д хүргэж өсгөлөө.
- Япон улсын зорилтот инфляцын түвшин 2.0% боловч 6-р сарын байдлаар суурь инфляцын түвшин нь 3.2% байгаа нь зорилтот түвшнээс өндөр байгааг илэрхийлж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байгаа нь хувьцааны зах зээлд сөргөөр нөлөөлж улмаар 7 хоногт голлох индексүүд уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.2%, CSI 300 индекс 2.0%-ийн тус тус бууралттай байлаа.
- БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны 2-р улиралд 0.8%-ийн өсөлттэй гарлаа. Энэ нь тус улсын 2023 оны эхний улирлын 2.2%-ийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болж байна.
- 6-р сарын байдлаар БНХАУ-ын ажилгүйдлийн түвшин 5.2% байгаа нь хэвийн үзүүлэлт боловч залуучуудын ажилгүйдлийн түвшин 21.3%-д хүрээд буй нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19