{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.28 - 2022.09.01

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.28 - 2022.09.01


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ


МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,695.51 нэгжид хүрч 2.5%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. “Mongolian mining corporation” нь 2024.04.15-нд дуусах MONMIN 9 1/4 04/15/24 бонд эзэмшигчдэдээ одоо эзэмшиж буй бондоо тус компанийн Сингапур Улсын Бирж дээр шинээр гаргахаар төлөвлөж буй бондоор солих санал хүргүүлээд байгаа билээ. Шинэ бондын купон жилийн 12.5% ба хэрэв саналыг хүлээн зөвшөөрвөл хөрөнгө оруулагчдын хуучин бондын үндсэн төлөлтийн 30%-ийг урьдчилж бэлнээр төлж, үлдсэн 70%-ийн төлөлтөд тохирох шинэ бондын нэгжийн үнийг 97%-иар тооцон шинэ бондод хөрвүүлэх юм.
  3. Баасан гарагийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3,472.98 төгрөг байна. Энэ нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2023 онд 0.8%-иар чангараад буй үзүүлэлт юм.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Эдийн засгийн мэдээллүүд АНУ-ын инфляцын түвшин бууралттай байгааг илтгэж дохио өгснөөр тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 2.5%, DJIA индекс 1.4%, NASDAQ Composite индекс 3.2% тус тус өсөлттэй хаагдлаа. Тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 2-р сараас хойш сар бүр өсөлттэй байсан бол 8-р сард анх удаа уналттай хаагдлаа. Хөдөлмөрийн баярын тохиолдуулан ирэх 9-р сарын 4-ний өдөр буюу Даваа гарагт хөрөнгийн зах зээл хаалттай байна.
  2. АНУ-ын ажилгүйдлийн түвшин 2023 оны 8-р сард 3.5%-иас 3.8%-д хүрч өслөө. Уг үзүүлэлт нь 2022 оны 2-р сараас хойших хамгийн дээд түвшин юм. Мөн тус улсын хөдөлмөрийн зах зээлд 736,000 хүн нэмэгдэж орж ирснээр ажиллах хүчний оролцооны түвшин 62.8%-д хүрч өслөө. Энэ нь 2020 оны 2-р сар буюу цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр түвшин болж байна.
  3. Атлантагийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Пүрэв гарагт одоогийн зах зээлд тогтсон байгаа хүүгийн түвшин инфляцын түвшнийг зорилтот 2.0%-д хүргэхэд хангалттай гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Европын зах зээлд байгалийн хийн ханш буурсан болон Европын зээлийн хүү тун удахгүй дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа нь зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.7%, STOXX Europe 600 индекс 1.5%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Евро бүсийн 8-р сарын инфляцын түвшин 5.3%-д хэвээр хадгалагдлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин мөн адил 5.3% гарлаа.
  3. Европын төв банкны 7-р сарын хурлын тэмдэглэлд Евро бүсийн хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгааг онцолж эдийн засаг 2023 онд зөөлөн газардах боломжтой болохыг онцолжээ. Евро бүсийн 7-р сарын ажилгүйдлийн түвшин 6.4% байгаа нь төв банкны төсөөлөлтэй таарч байгаа юм.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-аас эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ аваад буй болон Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тун удахгүй дээд түвшиндээ хүргэх төлөвтэй байгаа нь Япон улсын хувьцааны зах зээлд 7 хоногт эергээр нөлөөллөө. Тодруулбал, NIKKEI 225 индекс 3.4%,TOPIX индекс 3.7%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Япон улсын Засгийн газар бизнес болон айл өрхүүдийн шатахууны өндөр үнээс хамаарсан сөрөг нөлөөллийг бууруулахаар нефтийн худалдаа эрхлэгчдэд олгож буй татаасны хөтөлбөрөө 2023 оны эцэс хүртэл сунгах болсныг зарлалаа. Иений ханшийн сулрал нь шатахууны үнийн өсөлтөд гол нөлөөг үзүүлээд байгаа юм.
  3. Япон улсын 7-р сарын ажилгүйдлийн түвшин гэнэтийн байдлаар 2.7%-д хүрч өслөө. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын Засгийн газар эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээ авсантай холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.3%, CSI 300 индекс 2.2%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Баасан гарагт БНХАУ-ын төв банк эдийн засгийн өсөлтөө дэмжихээр дотоодын банкнуудын заавал байлгах гадаад валютын нөөцийн хэмжээг буурууллаа. Тодруулбал, заавал байлгах нөөцийн хэмжээг 6.0%-иас 4.0% болгон бууруулав. Мөн тус улсын Санхүүгийн зохицуулах хороо орон сууц худалдан авагчдын урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг бууруулах, одоо байгаа ипотекийн зээлийн хүүг бууруулах тал дээр ажиллаж буйгаа зарлалаа.
  3. БНХАУ-ын Засгийн газраас бодлогын арга хэмжээ авч эхлээд буй хэдий ч хөрөнгө оруулагчид тус улсын дефляцийн дарамт, залуучуудын ажилгүйдлийн дээд хэмжээ, өндөр өртэй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт гүнзгийрч байгааг харгалзан үзэж БНХАУ-ын эдийн засагт итгэх итгэлээ бууруулаад байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ