{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.09.04 - 2022.09.08

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.09.04 - 2022.09.08


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ


МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,811.48 нэгжид хүрч 0.3%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. "MONGOLIAN MINING CORPORATION" нь 2024.04.15-нд дуусах ISIN: USG61759AA70 бондыг Сингапур Улсын Бирж дээр гаргах шинэ бондоор солих саналыг 2023.08.28-ны өдөр бонд эзэмшигчдэдээ хүргүүлсэн билээ. Бонд эзэмшигчдээс 251,029,000 ам.доллар нэрлэсэн дүн бүхий бондыг солих санал ирүүлсэн ба энэ нь зах зээл дээрх нийт бондын 75% орчим болж байгаа юм. Ингэснээр бондоо "солих" санал хүргүүлсэн бонд эзэмшигчдийн санал хэрэгжих нөхцөл бүрдсэн тул холбогдох төлбөр, тооцоо 2023.09.13-ны өдөр хийгдэх төлөвлөгөөтэй байна.
  3. Баасан гарагийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3,469.79 төгрөг байна. Энэ нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2023 онд 0.7%-иар чангараад буй үзүүлэлт юм.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд 7 хоногт сайн гарсан нь зээлийн хүү өсөх магадлалыг нэмэгдүүлж улмаар тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Мөн S&P 500 индексэд хамгийн их жин эзэлдэг хувьцаа болох Apple компанийн хувьцааны ханш унасан нь зах зээлд сөргөөр нөлөөллөө. БНХАУ-ын Засгийн газар төрийн албан хаагчдадаа iphone гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь Apple компанийн хувьцааны ханш 7 хоногийн дотор 5.95%-иар унахад нөлөөллөө. Хөрөнгө оруулагчид тус компанийн шинээр нээлтээ хийх гэж буй iPhone 15 гар утас өмнөх загваруудаас үнэтэй борлуулагдах хүлээлттэй байгаад мөн санаа зовниж байна.
  2. АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үйлчилгээний салбарын идэвх 8-р сард гэнэт өсөж 2-р сараас хойш хамгийн дээд үзүүлэлтдээ хүрсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө. БНХАУ-ын эдийн засаг дах дефляцийн дарамт, залуучуудын ажилгүйдлийн дээд хэмжээ, өндөр өртэй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэргээс үүдэн хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засгийн идэвхжил удааширна гэх хүлээлттэй байсан юм.
  3. АНУ-ын ажилгүйдлийн түвшин 2023 оны 8-р сард 3.5%-иас 3.8%-д хүрч өссөн бөгөөд уг үзүүлэлт нь 2022 оны 2-р сараас хойших хамгийн дээд түвшин болсон билээ. Үүний зэрэгцээ өнгөрөгч 7 хоногийн Пүрэв гарагт АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо хүлээлтээс доогуур гарсан нь тус улсын хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг батлаад байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европ дахь өндөр зээлийн хүү нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна гэх болгоомжлолыг төрүүлж улмаар зах зээл уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.8%, ХБНГУ-ын DAX индекс 0.6%-ийн тус тус уналттай хаагдлаа.
  2. Эдийн засгийн мэдээллүүд нь Евро бүсийн эдийн засгийн өсөлт удааширч байгааг илэрхийлж байна. Жишээлбэл, Евро бүсийн 2-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн шинэчилсэн тооцооллоор 0.1% болж буурчээ. Мөн экспорт болон жижиглэнгийн худалдааны борлуулалт тус тус бууралттай байгаа нь эдийн засгийн өсөлт удааширч байгааг баталж байна. 
  3. Английн төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли 9-р сарын 21-нд болох Мөнгөний бодлогын хурлаар бодлого боловсруулагчид зээлийн хүүг өсгөнө гэдэгт эргэлзэж байна хэмээн онцоллоо. Үүнээс бид Английн төв банк бодлогын хүүгээ дээд түвшиндээ хүргэхэд тун ойрхон байгааг ажиглаж болно.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.3% уналттай байсан бол TOPIX индекс 0.4%-ийн өсөлттэй байлаа. БНХАУ-ын эдийн засаг дах дефляцийн дарамт, залуучуудын ажилгүйдлийн дээд хэмжээ, өндөр өртэй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэргээс үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах вий гэдэгт хөрөнгө оруулагчид санаа зовниж улмаар зах зээл холимог өгөөжтэй байлаа.
  2. 2023 оны 2-р улиралд Япон улсын эдийн засаг 4.8%-иар тэлжээ. Гэвч эдийн засагчид тус улсын эдийн засгийг 2-р улиралд 6.0%-ийн өсөлттэй байна гэх хүлээлттэй байсан юм. Өрхийн хэрэглээ болон бизнесийн хөрөнгө оруулалт нь таамаглаж байснаас доогуур гарсан нь өсөлтийг удаашруулжээ.
  3. Японы иений ханш 7 хоногт ам.долларын эсрэг дахин суларлаа. 1 ам.доллар 147 иентэй тэнцэж байгаа нь сүүлийн 10 сарын хамгийн дээд үзүүлэлт болж байна. Одоогоор тус улсын Дэд сангийн сайд иений ханш үргэлжлэн суларвал Засгийн газраас бодлогын арга хэмжээ авахад бэлэн байна хэмээн онцлоод байгаа юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын сүүлийн үед мэдээлэгдэж буй эдийн засгийн үзүүлэлтүүд тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байгааг батлаад байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.5%, CSI 300 индекс 1.4%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын Caixin/S&P Global үйлчилгээний салбарын идэвхжилийг илэрхийлэх индекс 8-р сард 54.1-ээс 51.8 болж буурлаа. Энэ нь 2022 оны 12-р сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт болж байна. 
  3. БНХАУ-ын экспорт 7-р сард 14.5%-иар огцом буурсан бол 8-р сард 8.8%-иар буурлаа. Мөн импортын дүн 7.3%-иар буурсан байна. Энэ нь зах зээлд эрэлт суларч байгааг илэрхийлж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ