ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.09.11 - 2022.09.15
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,020.52 нэгжид хүрч 0.6%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 9-р сарын 13, 15-ны өдрийн ээлжит хурлаараа эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Худалдааны түнш орнуудын инфляц саарч, худалдааны эргэлт сайжирч, тээврийн зардал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байсан нь импортын барааны үнийн өсөлт, улмаар инфляцыг сааруулжээ. Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын хороо цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэхээр байгаа хэдий ч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг онцоллоо.
- "MONGOLIAN MINING CORPORATION"-ний шинээр гаргаж буй бондын төлбөр, тооцоо 9 сарын 13-ний өдөр амжилттай хийгдлээ. Уг шинэ бонд нь 3 жилийн хугацаатай бөгөөд нийт 180 сая ам.долларыг анхдагч зах зээл болон хуучин бонд эзэмшигчдээсээ татан төвлөрүүлээд байгаа юм. Тус бондын жилийн купон нь 12.5% хэдий ч анхдагч зах зээлд арилжаалах үнэ нь 97 ам.доллар тул шинэ бонд эзэмшигчийн жилийн өгөөж 13.754% дээр тогтож байна. Мөн хуучин бондыг шинэ бондоор солих саналыг хүлээн авсан хөрөнгө оруулагчдын бэлэн мөнгөөр олгогдох төлбөр, тооцоо тус өдөр амжилттай хийгдлээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өсөлттэй байсан бол өсөлттэй ангиллын хувьцаанууд бууралттай байлаа. WTI 1 баррель газрын тосны үнэ 90 ам.долларыг давсан нь 2022 оны 11-р сараас хойших анхны тохиолдол болсон ба энэ нь хөрөнгө оруулагчдад өндөр хүүгийн түвшин удаан хугацаанд хадгалагдах дохиог өглөө. Учир нь газрын тосны үнэ нэмэгдэх нь инфляцыг зорилтот 2.0%-д хүргэж бууруулахад сөрөг нөлөө үзүүлэх ба үүний эсрэг Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ удаан хугацаанд бууруулахгүй байх юм.
- Газрын тосны үнэ нэмэгдсэн нь хүчирхэг баланстай, зах зээлдээ байр сууриа эзэлсэн компаниудын буюу үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өсөлттэй байхад 7 хоногт нөлөөлсөн бол эсрэгээрээ хүүгийн түвшинд мэдрэг буюу өсөлттэй ангиллын хувьцаанууд уналттай байхад мөн нөлөөллөө. БНХАУ-ын Засгийн газар төрийн албан хаагчдадаа iPhone гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. Мөн шинээр нээлтээ хийсэн iPhone 15 загварын гар утас өмнөх загваруудаас үнэтэй борлуулагдаж эхэлсэн нь Apple компани болон өсөлттэй ангиллын хувьцаануудад сөргөөр нөлөөллөө.
- Лхагва гарагт АНУ-ын 8-р сарын инфляцын түвшин мэдээлэгдлээ. АНУ-ын 8-р сарын инфляц 0.5%-иар өсөж 3.7%-д хүрлээ. Харин хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляц 4.7%-иас 4.3%-д хүрч буурлаа. Цаашид инфляцын түвшин буурахад газрын тосны үнэ буурах нь чухал ач холбогдолтой байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын төв банк бодлогын хүүгээ өсгөсөн хэдий ч хүүгийн түвшин дээд цэгтээ хүрсэн байх магадлал өндөр хэмээн онцолсон нь зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, FTSE 100 индекс 3.1%, STOXX Europe 600 индекс 1.6%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Европын төв банк бодлогын хүүгээ 10 дахь удаагаа дараалж өсгөснөөр хадгаламжийн хүү 4.0%-д хүрлээ. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард бодлогын хүүгийн түвшин инфляцыг зорилтот 2.0%-д хүргэх хэмжээнд очсон болохыг онцоллоо.
- Европын Комисс 2023 оны Евро бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалаа 1.1%-иас 0.8% болгож буурууллаа. Евро бүсийн орнуудаас Герман улсын өсөлтийн таамаглалыг хамгийн ихээр бууруулсан буюу 0.2%-иар өснө хэмээн таамаглаад байсан бол 0.4%-иар агшина гэж таамаглалаа шинэчилжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд 7 хоногт сайн гарсан нь Япон улсын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө. Тодруулбал, NIKKEI 225 индекс 2.8%, TOPIX индекс 2.9%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Японы төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда төв банк 2023 оны жилийн эцэс гэхэд цалингийн үнийн өсөлт цаашид үргэлжлэн өсөх эсэхийг дүгнэж, сөрөг хүүгийн бодлогоо зогсоох эсэхийг тодорхойлно хэмээн онцоллоо.
- Япон улс болон АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн зөрүүтэй байдлаас үүдэн иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч сулраад байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.0%-ийн өсөлттэй байсан бол CSI 300 индекс 0.8%-ийн бууралттай байлаа.
- 8-р сарын эдийн засгийн мэдээллүүд тус улсын эдийн засаг тогтворжиж байгааг нотолж байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдааны дүн 8-р сард урьдчилан таамаглаж байснаас илүү өссөн үзүүлэлттэй гарлаа. Мөн ажилгүйдлийн түвшин 5.2%-д хүрч буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа.
- БНХАУ-ын Ардын банк санхүүгийн системд хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээр 2023 онд 2 дахь удаагаа банкнуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 25 суурь нэгжээр буурууллаа.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19