ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.09.25 - 2022.09.29
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,436.9 нэгжид хүрч 0.1%-ийн өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 онд 5.7% буурсан үзүүлэлттэй байна.
- “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2023 оны 10-р сарын 2-ны өдөр эхэлнэ. Тус бонд нь жилийн 17.2%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай ба нийт 277.86 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм.
- 2023 оны 9-р сарын 28, 29-ны өдрүүдэд “Invest Gobi 2023” хөрөнгө оруулалтын форум Өмнөговь аймагт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг форум нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Шинэ Сэргэлт”, “Хот-Хөдөөгийн сэргэлт” бодлого, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Газрын тосны ханш өссөнөөр төв банкнуудад өндөр инфляцыг зорилтот түвшинд хүргэх дарамт ихээр нэмэгдлээ. Инфляцын дарамт нэмэгдсэний дараа хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл буурч улмаар АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 4 дэх 7 хоногоо дараалсан уналтыг үзүүллээ. Ийнхүү 2023 оныг өндөр өсөлттэй эхлүүлсэн S&P 500 индекс 9-р сард 5% орчмын бууралттай хаагдлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эрчим хүчний салбарын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа.
- АНУ-ын 8-р сарын суурь хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) өмнөх оны мөн үеэс 3.9%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Уг үзүүлэлт нь сүүлийн 2 жилийн хамгийн доод түвшин юм.
- 9-р сарын хэрэглэгчийн итгэлийн индекс 108.7-оос буурч 103.0-т хүрлээ. Судалгаанд оролцогчид АНУ-ын эдийн засгийн хямралд өртөх магадлалыг 9-р сард нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийн итгэлийн индекс буурахад гол нөлөөг үзүүлсэн байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. Зах зээлийн уналт нь зээлийн хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах хүлээлт болон БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт санаа зовниж буй хөрөнгө оруулагчдын санаа зовнилоос үүдэлтэй байлаа. Өнгөрөгч 7 хоногт FTSE 100 индекс 1.0%, STOXX Europe 600 индекс 0.7%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
- Европын төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард болон Ахлах эдийн засагч Филипп Лэйн бодлого боловсруулагчид Европын инфляцыг зорилтот 2%-д хүргэхийн тулд Мөнгөний хатуу бодлогыг урт хугацаанд баримтлах төсөөлөлтэй байгаагаа дахин илэрхийллээ. Евро бүсийн 9-р сарын инфляцын түвшин 5.2%-иас 4.3%-д хүрч буурсан үзүүлэлттэй байна.
- Их Британийн 2023 оны 2-р улирлын эдийн засгийн өсөлт 0.6% гарлаа. Бизнесийн хөрөнгө оруулалтын дүн нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Газрын тосны ханш өссөнөөр АНУ-ын зээлийн хүү өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдах хүлээлттэй болсон билээ. Үүний нөлөөгөөр Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.7%, TOPIX индекс 2.2%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
- Япон Улс болон АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн зөрүүтэй байдал үргэлжилсэн хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор иений ханш үргэлжлэн суларч 1 ам.доллар 149 орчим иентэй тэнцэж арилжаалагдаж байгаа нь сүүлийн 11 сарийн хамгийн дээд сулрал болж байна. Иений ханшийг чангаруулахын тулд гадаад валютын зах зээлд интервенц хийх боломжтой гэсэн таамаг үргэлжилсээр байна.
- Япон улсын төв банк 9-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа таамаглалын дагуу бодлогын хүүг -0.1%, Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөжийг 0% орчимд хэвээр хадгалах шийдвэр гаргасан билээ. Токио хотын инфляцын түвшин өнгөрөгч 7 хоногт бууралттай гарсныг харгалзан үзвэл уг Мөнгөний зөөлөн бодлогын шийдвэр цаашид хадгалагдах төлөвтэй байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.7%, CSI 300 индекс 1.3%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Намрын дунд сарын Үндэсний баярыг тохиолдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл 10 хоног амарч 10 сарын 9-д нээгдэнэ.
- Дэлхийн эдийн засгийн судалгаанд БНХАУ-ын бүхий л салбарын үнийн индекс 9-р сард өсөлттэй гарчээ. Энэ нь 14 дэх сараа дараалж өссөн тохиолдол болсон ба үүнийг шинжээчид онцолж байна. Энэ нь дефляцийн эрсдэлтэй байгаа тус улсын хувьд сайн мэдээ юм.
- БНХАУ нь дефляцийн дарамт, залуучуудын ажилгүйдлийн дээд хэмжээ, өндөр өртэй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч буй зэрэг томоохон эдийн засгийн сорилтуудтай тэмцэж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19