{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.06 - 2022.11.10

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.06 - 2022.11.10


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ


МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 37,106.38 нэгжид хүрч 2.71%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол Улсын 10-р сарын инфляцын түвшин 10.1%-иас 9.0%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Уг инфляцын түвшин нь 2021 оны 8-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм. Инфляцын түвшин хэдийгээр буурсан боловч Монгол Улсын зорилтот инфляцын түвшин 6.0% болохыг харгалзан үзвэл зорилтот түвшинд хүрэх хараахан болоогүй байна. 
  3. Өнгөрөгч 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа 422,542,680 төгрөг, ХААН БАНК ХК-ийн хувьцаа 397,654,249 төгрөг, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК-ийн хувьцаа 173,230,556 төгрөгөөр тус тус арилжаалагдсан нь арилжааны дүнгээр хувьцаат компаниуд дотроо тэргүүлсэн дүн боллоо.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрөгч 7 хоногийн Лхагва гарагт S&P 500 индексийн 7 өдөр дараалан өссөн өсөлт, технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индексийн 8 өдөр дараалсан өсөлт тус тус зогслоо. Гэсэн хэдий ч АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх тус голлох индексүүд 7 хоногийн эцэст өсөлттэй хаагдлаа. Томоохон технологийн компаниудын 3-р улирлын тайлан 7 хоногт нийтлэгдсэн ба тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан нь технологийн компаниудын хувьцаануудад эергээр нөлөөллөө. Тодруулбал, Datadog компанийн 3-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давснаар  Мягмар гарагт хувьцааны ханш нь 28% өссөн юм.
  2. АНУ-ын эдийн засаг 2023 оны 3-р улиралд 4.9%-ийн өсөлттэй гарсан буюу 2-р улирлын 2.1%-ийн өсөлтөөс харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсан билээ. 3-р улирлын эдийн засаг өндөр өсөлттэй гарахад АНУ-ын өрхийн хэрэглээний зардал ихээр өссөн нь гол нөлөөг үзүүлсэн юм. Тодруулбал, 3-р улирлын эдийн засгийн 4.9%-ийн өсөлтийн 2.7%-ийг өрхийн хэрэглээний зардал бүрдүүлсэн юм. Шинжээчид тус улсын өрхийн хэрэглээний зардал цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжихгүй байх магадлал өндөр гэдэг таамаглалыг дэвшүүлж байна. Учир нь АНУ-ын иргэд орлогоо хадгалах төлөвт шилжиж байгаа, мөн иргэдийн кредит картын өр түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байгааг онцолж уг таамгийн дэвшүүлж байна.
  3. ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл Пүрэв гарагт Вашингтон хотод болж өнгөрсөн Олон улсын валютын сангийн хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын төв банк бодлогын шийдвэртээ болгоомжтой хандах болно. Хэрэв шаардлагатай бол бодлогын хүүг өсгөхөд эргэлзэх зүйлгүй хэмээн онцоллоо. Мөн тэрээр бодлого боловсруулагчид инфляцын түвшнийг зорилтот 2.0%-д хүргэхэд шаардлагатай бодлогыг баримталж ажиллана хэмээн дурдлаа. Түүний мэдэгдлийг дүгнэхэд Мөнгөний хумих бодлогын цикл дуусах хараахан болоогүй байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Зээлийн хүү дээд түвшиндээ хүрнэ гэх хөрөнгө оруулагчдын өөдрөг хүлээлт буурснаас үүдэн Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.77%, STOXX Europe 600 индекс 0.21%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Английн төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли Ирландад болсон төв банкны бага хурал дээр "Зээлийн хүүг бууруулахад үнэхээр эрт байна." хэмээн онцоллоо.
  3. Их Британийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) 3-р улиралд 0.0%-ийн өсөлттэй гарлаа. Тус улсын ДНБ 2-р улиралд 0.2%-ийн өсөлттэй гарсан юм.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон Улсын Засгийн газраас амласан эдийн засгаа эрчимжүүлэх бодлогын амлалт болон компаниудын 3-р улирлын тайлан сайн гарсан нь өнгөрөгч 7 хоногт тус улсын хувьцааны зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.93%,TOPIX индекс 0.62%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Япон Улсын төв банкны ерөнхийлөгч Казуо Уэда богино хугацааны хүүг хэвийн болгохыг тодорхойлох хэтэрхий эрт байна хэмээн онцоллоо.
  3. Япон Улс болон Холбооны нөөцийн сан хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн Японы иений ханш ам.долларын эсрэг суларсан хэвээр байна. Тодруулбал, 1 ам.доллар өнгөрөгч 7 хоногт 151 иентэй тэнцэж арилжаалагдсан нь сүүлийн 33 жилийн хамгийн дээд ханшийн сулралын үзүүлэлт болж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын  хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.27%, CSI 300 индекс 0.07%-ийн тус тус бага хэмжээний өсөлттэй байлаа. 
  2. БНХАУ-ын 10-р сарын экспорт жилийн өмнөх мөн үеэс 6.4% бууралттай гарсан бол 10-р сарын импорт 3.0% өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын 10-р сарын худалдааны тэнцэл 56.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. 10-р сарын худалдааны тэнцэлд шинжээчид 82.0 тэрбум ам.долларын ашигтай байна гэх хүлээлттэй байсныг харгалзан үзвэл 10-р сарын худалдааны тэнцэл хүлээлтэд хүрсэнгүй.
  3. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна. Засгийн газраас бодлогын арга хэмжээ авсаар байгаа хэдий ч шинжээчид тус улсын эдийн засаг дефляцийн дарамттай тулгараад буйг онцолж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ