{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.20 - 2022.11.24

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.20 - 2022.11.24


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ


МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 36,652.49 нэгжид хүрч 1.27%-ийн уналттай хаагдлаа.
  2. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн зорилтууд мэдээлэгдлээ. Мөнгөний бодлого болон макро зохистой бодлогын хүрээнд, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх; Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, нөхцөлүүдийг сайжруулах; Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтлах гэх мэт төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн зорилтууд мэдээлэгдлээ.
  3. Монголын хөрөнгийн биржийн топ компаниудын дундаж үнэ ашгийн харьцаа буюу P/E харьцаа 7.88 байгаа бол P/B харьцаа 1.61 байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хөрөнгийн зах зээл Баасан гарагт "Талархлын баяр"-ын өдрийг тохиолдуулан амарсан билээ. Баасан гарагт арилжаа яваагүй хэдий ч өнгөрөгч 7 хоногт зах зээл үргэлжилсэн өсөлтөө хадгалж 4 дэх 7 хоногоо дараалж өслөө. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 6-т эрэмбэлэгдэж эхлээд буй NVIDIA компанийн 3-р улирлын тайлан хамгийн ихээр татлаа. Учир нь тус компанид томоохон хөрөнгө оруулалтын сангууд ирээдүйд хиймэл оюун ухааны салбар тэлэхийн хэрээр тус компанийн үйл ажиллагаа түүнтэй дүйцэхүйц хурдацтай тэлнэ гэх үндэслэлээр их хэмжээний хөрөнгө оруулалт 2023 онд хийгээд байгаа юм. Тайлангийн хувьд NVIDIA компанийн 3-р улирлын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд шинжээчдийн үзүүлэлтийг давлаа. Гэсэн хэдий ч АНУ-ын Засгийн газраас БНХАУ-руу экспортлох чип, хагас дамжуулагчид хориг тавих төлөвтэй магадлалтай байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна.
  2. 2023 онд өндөр өсөлттэй байгаа АНУ-ын хувьцааны зах зээлд засвар хөдөлгөөн орж S&P 500 индекс 10-р сард 10% буурсан билээ. Харин 11-р сард S&P 500 индекс 7%, Nasdaq индекс 9% гаруй тус тус эргэн өссөн юм. Үүний гол шалтгаан нь АНУ-ын инфляцын түвшний үргэлжилсэн бууралт, хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж буй болон Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх дөхсөн зэрэгтэй шууд холбоотой байна.   
  3. АНУ-ын бараа бүтээгдэхүүний захиалга (durable goods orders) 10-р сард 5.4% буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2020 оны 4-р сараас хойших 2 дох том бууралт болж байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын төв банк 2024 оны эхний хагас жилээс эхлэн зээлийн хүүгээ бууруулж магадгүй гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.91%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Европын төв банкны бодлого боловсруулагчид инфляцыг бууруулах тэмцэл дуусаагүй гэдгийг сануулж буй хэдий ч төв банк бодлогын хүүгээ ирэх оны эхний хагас жилд бууруулах боломжтой гэх хүлээлтийг зах зээлд үүсгэж байна. Тодруулбал, Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард зээлийн хүү дараагийн хоёр улиралд тогтвортой хадгалагдаж магадгүй гэж мэдэгдсэн бол Францын төв банкны бодлого боловсруулагч зээлийн хүү дараагийн хэдхэн улиралд хэвээр байх төлөвтэй байна гэж мэдэгдээд байна.
  3. Евро бүсийн эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх HCOB Flash Eurozone Composite PMI индекс 10-р сард сүүлийн гурван жилийн доод үзүүлэлт болох 46.5-аас өсөж 47.1-д хүрлээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрөгч 7 хоногийн эхэн үед Nikkei 225 индекс 1990 оноос хойших хамгийн дээд түвшнээ хүрч өссөн боловч 7 хоногийн сүүл үед эргэн уналаа. Зах зээл өсөлттэй байхад дотоодын аж ахуйн нэгжүүдийн 3-р улирлын орлогын тайлан сайн гарч буй болон үйлдвэрлэгчдийн орлого иений ханш сулралаас үүдэн өндөр өсөлттэй байгаа нь гол нөлөөг үзүүлж байна. Мөн АНУ-ын бодлогын хүү удахгүй дээд цэгтээ хүрнэ гэх хүлээлт хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж байна.
  2. Япон улсын 10-р сарын суурь инфляцын түвшин 2.8%-иас 2.9%-д хүрч өслөө. Япон улсын зорилтот инфляцын түвшин 2.0% бөгөөд инфляцын түвшин зорилтот түвшнийг давснаас хойш 19 сар өнгөрч байна.
  3. Япон улс болон Холбооны нөөцийн сан хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн Японы иений ханш ам.долларын эсрэг суларсан хэвээр байна. Тодруулбал, 1 ам.доллар 149-151 иентэй тэнцэж арилжаалагдаж буй нь сүүлийн 33 жилийн хамгийн дээд ханшийн сулралын үзүүлэлт болж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ авсаар байгаа хэдий ч үр ашигтай нөлөө шууд гарахгүй байна гэх хөрөнгө оруулагчдын үзэлтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.44%, CSI 300 индекс 0.84%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын бодлого боловсруулагчид улсынхаа үл хөдлөх хөрөнгийн хямралтай тэмцэж  үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулагчдад санхүүжилт олгох төлөвлөгөөг боловсруулж ажиллаж байна.
  3. Мөнгөний бодлогын хурлаар БНХАУ-ын Ардын Банк 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүгээ хүлээлтийн дагуу хэвээр үлдээлээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ