ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.27 - 2022.12.01
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 36,728.90 нэгжид хүрч 0.21%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Монголын улсын 9%-ийн инфляцын түвшний 30-40%-ийг үндсэндээ хоёрхон бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна гэж өнгөрөгч 7 хоногт онцоллоо. Тодруулбал, инфляцын бүрдэлд гурил, гурилан бүтээгдэхүүн 25%-ийн өсөлттэй, нийт инфляцын бараг 20%-ийг дангаараа бүрдүүлж байна. Хоёрдугаарт, мах, махан бүтээгдэхүүн, мөн инфляцын 14-15%-ийг бүрдүүлж байна хэмээн онцоллоо.
- Монгол улсын Засгийн газар олон улсын бондын зах зээлд 7.875%-ийн купонтой, 5.5 жилийн хугацаатай нийт 350 сая ам.долларын бонд арилжааллаа. Тус бондын анхдагч зах зээлийн арилжаанд нийт 294 хөрөнгө оруулагчдаас 4.2 ам.долларын санал ирсэн нь онцлог боллоо. Үүний гол шалтгаан нь Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүтэй шууд холбоотой байна. Учир нь Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх нь дөхөөд буй билээ. Тиймээс мэргэжлийн хөрөнгө оруулагчид урт хугацаатай, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй тогтмол өгөөж бүхий бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа юм.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хөрөнгийн зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 11-р сард 8.92%-ийн өсөлттэй хаагдсан ба энэ нь 2020 оны 7-р сараас хойших хамгийн өндөр өсөлт боллоо.Тус улсын хувьцааны зах зээл 11-р сард өндөр өсөлттэй байхад АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж буурсан, инфляцын түвшин үргэлжлэн буурсан, хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж буй үзүүлэлтүүд болон Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх дөхсөн зэрэг үйл явдлууд голлон нөлөөллөө.
- Холбооны нөөцийн сангийн инфляцын хэмжүүр болгож үздэг хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс 10-р сард 0.2%-иар өссөн нь 9-р сарынхаас буурсан үзүүлэлт болж байна.
- Холбооны нөөцийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Кристофер Уоллер Мягмар гарагт Вашингтон хотод болсон бага хурал дээр "Эдийн засгийг удаашруулж, инфляцыг 2%-д эргэн барих бодлого одоогоор амжилттай үргэлжилж байна гэдэгт би улам бүр итгэлтэй болсоор байна" гэж хэллээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Инфляцын түвшний бууралт болон бондын өгөөжүүд буурч байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.55%, STOXX Europe 600 индекс 1.35%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Евро бүсийн 11-р сарын инфляцын түвшин 2.9%-иас 2.4%-д хүрч буурлаа. Суурь инфляцын түвшин мөн 4.2%-иас 3.6% болж буурлаа. Евро бүсийн ажилгүйдлийн түвшин түүхэн доод үзүүлэлт болох 6.5%-д хэвээр хадгалагдаж байна.
- Английн төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли зээлийн хүүг бууруулах зах зээлийн хүлээлтийг эсэргүүцсэн хэвээр байна. Тэрээр өнгөрөгч 7 хоногт бид зээлийн хүүг бууруулах талаар ярилцах хараахан болоогүй байна хэмээн онцоллоо.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkie 225 индекс 0.58%, TOPIX индекс 0.35%-ийн тус тус уналттай хаагдлаа.
- Япон улсын иений ханш долоо хоногийн дунд үед ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 149-151 иентэй тэнцэж арилжаалдагдаж байсан бол өнгөрөгч 7 хоногийн дунд үед 147 иентэй тэнцэж арилжаалагдлаа. Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх нь дөхсөн гэх хүлээлт ам.долларын ханш иений эсрэг сулрахад голлон нөлөөллөө.
- Японы төв банкны бодлого боловсруулагчид төв банк Мөнгөний хэт зөөлөн бодлогоо өөрчлөх болоогүй болохыгоо өнгөрөгч 7 хоногт мэдэгдлээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ авсаар байгаа хэдий ч үр ашигтай нөлөө шууд гарахгүй байна гэх хөрөнгө оруулагчдын үзэлтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.31%, CSI 300 индекс 1.56%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
- Аж үйлдвэрийн салбарын PMI индекс (PMI) 11-р сард 49.4-д хүрч буурлаа. Энэ нь хоёр дахь сар дараалан буурсан тохиолдол болж байна. Мөн аж үйлдвэрийн бус салбарын PMI 50.2 болж буурсан үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 50-аас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
- БНХАУ-ын шилдэг 100 орон сууцны барилгын компанийн шинэ орон сууцны борлуулалт 11-р сард өмнөх оны мөн үеийнхээс 29.6%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19