{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.01.01 - 2024.01.05

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.01.01 - 2024.01.05


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг 2024 оны эхний 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41,577.32 нэгжид хүрч 0.34%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монголбанкны 2023 оны 12-р сарын инфляцын тайлан нийтлэгдлээ. Монголбанк эрэлтийн нөлөөний улмаас 2024 онд инфляцын түвшин өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг онцолжээ. Тодруулбал, 2024 оны батлагдсан төсвийн мэдээллээр 2024 онд төсвийн зардал нэмэгдэх, тэр дундаа өндөр настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин үргэлжлэн өсөхөөр байгаа нь дотоод эрэлтийг урамшуулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Мөн 3-р улиралд боловсролын үйлчилгээний үнэ сүүлийн 10 жилийн дунджаас 2 дахин өндрөөр өссөн нь ирэх улирлуудад хүнсний бус инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэх нэг хүчин зүйл болсон байгааг тэмдэглэжээ. 
  3. Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь 01/04/2024-ны өдөр олон улсын зах зээлд гаргасан MGMTGE 8.85% Senior Notes Due 02/08/2024 бондын хөрөнгө оруулагчдадаа хуучин бондоо шинэ бондоор солих саналыг хүргүүллээ.
    Санал 1:
    Шинэ бондын ширхэг/хуучин бондын ширхгийн хөрвүүлэлтийн харьцаа: USD105/USD100 хөрвүүлэх;
    Санал 2:
    Шинэ бондын ширхэг/хуучин бондын ширхгийн хөрвүүлэлтийн харьцаа: USD70/USD100 хөрвүүлэх;
    Нэгж үнэт цаасанд хүлээн авах дүн: USD30 (үндсэн төлбөрийн урьдчилгаа) + USD4 (солилцооны төлбөр) + хуримтлагдсан хүү + бутархай дүн;
    Санал 3:
    Үнэт цаасанд өөрчлөлт оруулахгүй;

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. S&P 500 индекс нь 8-н 7 хоног дараалж үргэлжлэн өсөөд байсан бол 2024 оны арилжааны эхний 7 хоногт 1.52%-ийн уналттай хаагдлаа. Ийнхүү 2004 оноос хойших хамгийн удаан үргэлжлэн өссөн статистик зогсож байна. “Гайхамшигт 7 хувьцаа” хэмээн нэрлэгддэг АНУ-ын технологийн аварга компаниуд нь S&P 500 индексийн нийт үнэлгээний 29%-ийг бүрдүүлдэг билээ. Эдгээр хувьцаанууд нь 2023 онд тус бүр 50%-иас 240%-ийн хооронд өсөлт үзүүлсэн нь зах зээлийн өсөлтөд голлон нөлөөлсөн юм. Тэгвэл 2024 онд хөрөнгө оруулагчид тус 7 компанийн хувьцаанаас бусад хувьцаанууд анхаарал хандуулах төлөвтэй байна.
  2. 2024 онд геополитикийн санаа зовоосон эрсдэлүүд нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад ихээхэн нөлөөлөх төлөвтэй байна. Жишээлбэл, өнгөрөгч 7 хоногт Тайваньд болох сонгуулийн өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Эх орноо нэгтгэх нь зайлшгүй зүйл” гэж мэдэгдэл хийлээ. Мөн Улаан тэнгис дэх усан онгоцны халдлага хурцдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовниосон хэвээр байна.
  3. АНУ-ын ажил олгогчид 12-р сард 216,000 ажлын байр эдийн засагтаа шинээр бий болгожээ. Уг үзүүлэлт нь шинжээчдийн хүлээлтээс өндөр үзүүлэлт боллоо. 12-р сарын хөдөлмөрийн зах зээлийн цагийн дундаж орлого тогтвортой буюу 0.4% өссөн үзүүлэлттэй гарлаа. Мөн ажилгүйдлийн түвшин 3.7%-д хэвээр хадгалагдлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Санхүүгийн зах зээлийн томоохон төв банкнууд бодлогын хүүгээ эрт бууруулна гэх хүлээлт буурсны улмаас Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.55%, UK's FTSE 100 индекс 0.56%-ийн тус тус уналттай байлаа. 
  2. Евро бүсийн 12-р сарын инфляцын түвшин 2.4%-иас 2.9%-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Ийнхүү инфляцын түвшин өсөлттэй гарсан нь Европын төв банк бодлогын хүүгээ эрт бууруулах магадлалыг буурууллаа.
  3. Евро бүсэд орон сууц худалдан авах зээлийн эрэлт 2023 оны сүүл үеэс эхлэн ихсэж байна. Английн төв банкны мэдээлснээр 2023 оны 11-р сард ипотекийн зээлийн зөвшөөрөл 50,000 гаруй орчмоор нэмэгдсэн байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулж, зээлийн зардлыг бууруулна гэх хүлээлт нь орон сууцны үнэ мөн өсөхөд нөлөөлж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын төв банк Мөнгөний зөөлөн бодлогын байр сууриа цаашид хадгалах төлөвтэй байгаа билээ. Уг шийдвэр тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт эергээр нөлөөлсөн боловч 2024 оны 1-р сарын 1-нд Хокурику мужид болсон үхлийн аюултай газар хөдлөлтийн дараагаар хувьцаануудын ханш унаж зах зээлийг төлөөлөх голлох 2 индекс зөрүүтэй байлаа. Тодруулбал, TOPIX индекс 1.15%-ийн өсөлттэй хаагдсан бол Nikkei 225 индекс 0.26%-ийн уналттай байлаа.
  2. Япон улсын Хокурику мужид болсон үхлийн аюултай газар хөдлөлтийн улмаас хүний амь үрэгдэгсдийн тоо 90 давлаа. Мөн үйлдвэрлэл болон бусад нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүй дэд бүтцэд томоохон хохирол учирсан зэрэг эдийн засгийн зардал гарлаа. Газар хөдлөлтөд хүчтэй өртсөн чухал дэд бүтцийн хохирлоос дурдвал хагас дамжуулагчтай холбоотой үйлдвэрүүд болон атомын цахилгаан станцууд гэмтсэн байгаа аж.
  3. Японы иений ханш өнгөрөгч 7 хоногт 141-ээс 145-т хүрч ам.долларын эсрэг эрчимтэй суларлаа. Иений ханш ам.долларын эсрэг эрчимтэй сулрахад газар хөдлөлтийн улмаас үүссэн тодорхойгүй байдлын эрсдэл голлон нөлөөллөө.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.54%, CSI 300 индекс 2.97%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. 
  2. БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үйлдвэрлэлийн Caixin/S&P PMI индекс 12-р сард 50.7-оос 50.8, үйлчилгээний салбарын PMI 52.9-д хүрч тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. 
  3. БНХАУ-ын топ 100 орон сууцны компанийн шинэ орон сууцны борлуулалт 2023 оны 12-р сард оны өмнөх үеэс 34.6%, сарын өмнөх үеэс 29.6%-иар тус тус буурсан байна. Орон сууцны үнийн уналт, барилгын саатал, барилгын компаниудын бондын дефолт зэрэг нь хөрөнгө оруулагчдын БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт итгэх итгэлийг бууруулж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ