{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.01.15 - 2024.01.19

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.01.15 - 2024.01.19


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41,806.33 нэгжид хүрч 1.33%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 (45.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай олборлолт 7.2 (50.2%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 1.8 (37.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөллөө. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.2 (50.2%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 5.7 (2.5 дахин) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 864.6 (9.0%) тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 530.4 (68.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
  3. Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Хас Банк /XAC/ 2023 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа. Тус компани нь 2023 оны тайлант жилд 534.71 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 42.5%, цэвэр ашиг 142.04 тэрбум төгрөгт хүрсэн нь 34.2% тус тус өссөн үзүүлэлт боллоо. Тус компани нь нээлттэй компани болох үедээ 2023 оны цэвэр ашгийн төсөөллийг 122.8 тэрбум дээр төсөөлж хөрөнгө оруулагчдадаа танилцуулж байсан бол 142.04 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь IPO төсөөллийг 15.66%-иар давуулан биелүүлсэн үзүүлэлт болж байна. Хас Банк /XAC/ хувьцааны ханш 2024 оны 1 сарын 15-ны өдөр 620 төгрөг дээр хаагдсан бөгөөд 652.67 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна. Тус компанийн P/E харьцаа 4.6, P/B харьцаа 1.05, эзний өмчийн өгөөж (ROE) 25.9% байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Технологийн салбарын хувьцаанууд тэр дундаа чип үйлдвэрлэгч компаниудын хувьцаануудын ханш өндөр өсөлт үзүүлснээр өнгөрөгч 7 хоногт АНУ-ын хувьцааны  зах зээл өсөлттэй байлаа. Тодруулбал, тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 1.17%-ийн өсөлтийг үзүүллээ. "Advanced Micro Devices Inc." компанийн хувьцааны ханш 18.88%, "NVIDIA Corp." компанийн хувьцааны ханш 8.74%-ийн тус тус өсөлтийг өнгөрөгч 7 хоногт үзүүллээ.
  2. Хөрөнгө оруулагчид 1 сарын 25-д мэдээлэгдэх АНУ-ын 2023 оны 4-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд гол анхаарлаа хандуулж байна. Тус үзүүлэлт нь 2024 оны эхний улирлын хөрөнгийн зах зээлийн чиглэлийг тодорхойлж болох юм. Дийлэнх шинжээчид АНУ-ын 2023 оны 4-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.9%-иас 2.0%-руу хүрч буурна гэх хүлээлттэй байна. 
  3. АНУ-ын төв банк суурь инфляцын түвшин тогтвортой буурч байгааг харгалзан үзэж 2024 онд 3-4 удаа бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаа билээ. Тус улсын төв банкны 2024 оны эхний эхний Мөнгөний бодлогын хурал 2024 оны 1 сарын 31-д болох ба бодлогын хүүг 5.25%-5.50%-д хэвээр хадгалах төлөвтэй байна. Бид АНУ-ын төв банкийг 2024 оны дунд үеэс эхлэн бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулж эхэлнэ таамаглаж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын төв банкны бодлого боловсруулагчид санхүүгийн зах зээлд зээлийн хүүг бууруулах болоогүй гэх дохиог өгснөөр Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 2.14%, STOXX Europe 600 индекс 1.58%-ийн тус тус уналттай хаагдлаа. 
  2. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард бодлогын хүүг 2024 оны дунд үеэс эхлэн бууруулах төлөвтэй байна гэх дохиог зах зээлд өглөө. Европын төв банкийг хөрөнгө оруулагчид 2024 оны эхний улирлаас эхлэн бодлогын хүүгээ бууруулж эхэлнэ гэх хүлээлттэй байсан юм. Ийнхүү хүүгийн түвшнийг бууруулах хараахан болоогүй байгаа гэх дохио нь өнгөрөгч 7 хоногт хөрөнгийн зах зээлийн уналтад гол нөлөөг үзүүллээ.
  3. Их Британийн 2023 оны 12-р сарын инфляцын түвшин 3.9%-иас өсөж 4.0%-д хүрсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн 10 сард анх удаа инфляцын түвшин өссөн үзүүлэлт болж байна. Харин хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 11-р сард 5.1%-д хэвээр хадгалагдлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын төв банкны Мөнгөний хэт зөөлөн бодлогоос үүдсэн Японы иений ханшийн сулрал нь тус улсын экспортыг дэмжиж байна. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, TOPIX индекс 0.63%, Nikkei 225 индекс 1.09%-ийн тус тус өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс сүүлийн 34 жилийн хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. 
  2. Япон улсын төв банкны Мөнгөний бодлогын хурал 1 сарын 22-23-ны өдөр болох ба төв банкны бодлого боловсруулагчид Мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах хүлээлттэй байна. 
  3. Япон улсын 2023 оны 12-р сарын суурь инфляцын түвшин 2.5%-иас 2.3%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.72%, CSI 300 индекс 0.44%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. CSI 300 индекс сүүлийн 10-н 7 хоногийн 9-д нь бууралттай хаагдсан үзүүлэлттэй байна. 
  2. БНХАУ-ын 2023 оны 4-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2%-ийн өсөлттэй гарлаа. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна.
  3. БНХАУ-ын 2023 оны 12-р сарын жижиглэн борлуулалтын дүн жилийн өмнөх мөн үеэс 7.4% өссөн үзүүлэлттэй гарлаа. 
  4. БНХАУ-ын Ардын Банк (PBOC) дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан банкны системд 995 тэрбум юань нийлүүллээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ