{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.01.22 - 2024.01.26

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.01.22 - 2024.01.26


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41,397.02 нэгжид хүрч 0.98%-ийн уналттай хаагдлаа. 
  2. "Steppe Gold" компани "Boroo Gold LLC" компанийг өөртөө нэгтгэлээ. Үүний үр дүнд тус компани 2024, 2025 онд 30,000 унц алт олборлох хүлээлттэй байсан бол 90,000 унц алт олборлох боломжтой болж өслөө. Тус компани нь "ATO Gold Mine phase 2" эхлэх үед буюу 2026 оноос эхлэн 160,000 унц алт олборлож эхлэх тооцоололтой байна. 
  3. “Mongolian Mining Corporation” (MMC) компани “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн 100% охин компани болох "Эрдэнэ Монгол" ХХК-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус компанийг хамтран эзэмших хэлцлийг 3 үе шаттайгаар хийхээр 2023 оны 1-р сард тус компанитай тохиролцсон билээ. Тэгвэл тус стратегийн хөрөнгө оруулалтын хэлцэл 2024 оны 1 сарын 25-ны өдрөөр амжилттай бүрэн хэрэгжиж дууссан байна. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс болон DJIA индекс нар өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө хадгалснаар бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчиллээ. Зах зээлийн үргэлжилсэн өсөлтөд АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч буй, инфляцын түвшний үргэлжилсэн бууралт, хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж буй үзүүлэлтүүд болон Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү тун удахгүй буурч эхлэх төлөвтэй байгаа зэрэг нь голлон эерэг нөлөө үзүүлж байна. Өнгөрөгч 7 хоногт "Tesla" компани 2023 оны 4-р улирлын тайлангаа танилцуулсан ба тус компанийн 4-р улирлын борлуулалтын орлого болон цэвэр ашиг нь хүлээлтэд хүрсэнгүй. Мөн тус компанийн зүгээс 2024 онд компанийн өсөлт удаашрах төлөвтэй байна хэмээн мэдэгдсэн юм. Улмаар хувьцааны ханш нь 13.64%-иар уналаа. Үүний эсрэгээр, "Netflix" компанийн хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн нь тус компанийн хувьцааны ханш өсөхөд нөлөөллөө.
  2. АНУ-ын 2023 оны 4-р улирлын эдийн засгийн өсөлт 3.3% гарсан нь шинжээчдийн 2.0%-ийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо. Эдийн засаг хүлээлтээс давж өсөхөд хувийн хэрэглээний зардал өндөр гарсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. Холбооны Нөөцийн Сан инфляцын түвшнийг бууруулахаар Мөнгөний хумих бодлого баримталж байхад тус улсын эдийн засаг сүүлийн 2 улиралд (4.9%, 3.3%) шинжээчдийн хүлээлтийг давж өндөр өсөлт үзүүлээд байгаа нь АНУ-ын эдийн засаг 2024 онд зөөлөн газардах төлөвтэй байна гэх дохиог зах зээлд өгч байна.
  3. АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх S&P Global flash PMI үзүүлэлт шинжээчдийн хүлээлтийг давлаа. Тодруулбал, АНУ-ын 2024 оны 1-р сарын S&P Global flash PMI үзүүлэлт 50.3 гарсан нь 2023 оны 4-р сараас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо. PMI үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын томоохон хувьцаат компаниудын 2023 оны 4-р улирлын тайлан сайн гарсан болон БНХАУ-аас эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад голлон нөлөөллөө. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 2.32%, STOXX Europe 600 индекс 3.11%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Мөн Европын төв банкнаас ээлжит Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүллээ.
  2. Европын төв банкнаас инфляцыг бууруулах бодлогын арга хэмжээ үр дүнтэй байгааг онцолж өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөж Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Бид  Европын төв банкийг 2024 оны 4 эсвэл 6-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлттэй байна.
  3. Их Британийн эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт хүлээлтийг давсан нь тус улсын эдийн засаг 2024 онд эдийн засаг уналтаас зайлсхийх боломжтойг харууллаа. 2024 оны 1-р сарын S&P Global/CIPS UK PMI үзүүлэлт 52.5-д хүрлээ. PMI үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын төв банкны Ерөнхийлөгч Мөнгөний хэт зөөлөн бодлого үр дүнгээ өгч, тогтвортой инфляцын түвшний нөхцөл хангагдаж байгааг онцоллоо. Энэ нь хөрөнгө оруулагчдад Мөнгөний бодлогод өөрчлөлт гарч болзошгүй гэх дохиог өгч улмаар тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.59%, TOPIX индекс 0.49%-ийн тус тус уналттай хаагдлаа. 
  2. Япон улсын төв банкны Мөнгөний бодлогын хурал 1 сарын 22-23-ны өдөр болж өнгөрлөө. Төв банкны бодлого боловсруулагчид хүлээлтийн дагуу Мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах шийдвэр гаргалаа. Тодруулбал, бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. 
  3. Япон улсын  суурь инфляцын түвшин 2.6% гарлаа. Тус улсын инфляцын зорилтот түвшин 2.0% юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Бээжин хот эдийн засгаа дэмжих арга хэмжээ авсны улмаас БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.75%, CSI 300 индекс 1.96%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. 
  2. БНХАУ-ын төв банк буюу Ардын банк 2 сарын 5-д болох хурлаар арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах шийдвэр гаргах дохиог зах зээлд өглөө. Тодруулбал, заавал байлгах нөөцийн харьцааг 50 суурь нэгжээр бууруулах төлөвтэй байна. Мөн төв банкны зүгээс хөдөө аж ахуй, жижиг дунд бизнесийг дэмжихээр тухайн сегментийн зээлийг хүүг 0.25%-иар бууруулна хэмээн мэдэгдлээ.
  3. БНХАУ-ын төв банк 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүгээ хүлээгдэж байсанчлан хэвээр үлдээлээ. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ