{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.02.19 - 2024.02.23

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.02.19 - 2024.02.23


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,724.22 нэгжид хүрч 0.67%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниудаас 2022 онд нийт 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж байсан билээ. 2024 онд одоогоор 41 хувьцаат компани 2023 оны тайлант жилийн ашгаас нийт 814.73 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар хуваарилахаар болсон байна.
  3. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 7.0% өсөлттэй гарсан билээ. Тодруулбал, ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.0 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч 7.0%-ийн өсөлтийг үзүүлсэн юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 7.0%-иар өссөний -1.3%-ийг хөдөө аж ахуйн салбар, 2.6%-ийг уул уурхай, олборлолтын салбар, 0.6%-ийг аж үйлдвэр, барилгын салбар, 4.3%-ийг үйлчилгээний салбар, 0.9%-ийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна. Дараах графикт Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ба ирээдүйн таамаглалыг үзүүллээ.
    IMF - Олон улсын валютын сан
    ADB - Азийн хөгжлийн банк
    WB - Дэлхийн банк
    Монголбанк                                                                                                               Зураг 1. Монгол улсын ДНБ-ний өсөлт ба ирээдүйн таамаглал
  4. Монгол улсын инфляцын түвшин 2023 онд тогтвортой буурснаар Монголбанкны зорилтот инфляцын түвшний интервалд орлоо. Монголбанк нь инфляцын түвшнийг дунд хугацаанд жилийн 6% орчимд, +/-2%-ийн интервалд тогтворжуулахыг зорьж ажилладаг билээ. 2024 оны хувьд улсын батлагдсан төсвийн мэдээллээр ирэх онд төсвийн зардал нэмэгдэх, тэр дундаа өндөр настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин үргэлжлэн өсөхөөр байгаа нь дотоод эрэлтийг урамшуулж, инфляцын дарамтыг 2024 онд нэмэгдүүлэх төлөвтэй байна. Дараах графикт Монгол улсын инфляцын түвшин ба ирээдүйн таамаглалыг үзүүллээ.
    IMF - Олон улсын валютын сан
    ADB - Азийн хөгжлийн банк
    WB - Дэлхийн банк
    Монголбанк                                                                                                       Зураг 2. Монгол улсын инфляцын түвшний өсөлт ба ирээдүйн таамаглал

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Ерөнхийлөгчийн баярын өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрөгч 7 хоногийн Даваа гарагт амарсан билээ. Пүрэв гарагт NVIDIA компанийн 2023 оны 4-р улирлын тайлан Wall Street-ийн дийлэнх шинжээчдийн таамаглалаас өндөр үзүүлэлттэй гарсан нь тус компанийн зах зээлийн үнэлгээ 277 тэрбум ам.доллароор тэлэхэд шууд нөлөөллөө. NVIDIA компанийн ашигт ажиллагаа болон хувьцааны ханшийн өсөлтийг дагаж S&P 500 индекс, технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс нар бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчиллээ. 
  2. АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI индекс 2024 оны 2-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр өсөлттэй гарлаа. Тодруулбал, S&P Global үйлдвэрлэлийн PMI индекс 51.5 гарсан нь сүүлийн 17 сарын хамгийн дээд үзүүлэлт боллоо. Харин үйлчилгээний PMI 51.3 гарч сарын өмнөх үзүүлэлтээс бага хэмжээний бууралттай гарлаа. (PMI үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
  3. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагч Кристофер Уоллер Пүрэв гарагт АНУ-ын 1-р сарын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарсныг онцоллоо. Гэсэн хэдий ч тэрээр инфляцын түвшин зорилтот 2.0%-руу хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэдэгдлээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын зах зээлийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 1.15%-ийн өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчиллээ. NVIDIA компанийн 2023 оны 4-р улирлын тайлан сайн гарсан Европын технологийн компаниудын хувьцаа ханш өсөхөд нөлөөлсөн. 
  2. Евро бүсийн эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI индекс 2024 оны 2-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засаг тогтворжиж буй болон үйлчилгээний салбарын идэвхжил өндөр байгааг илэрхийлж байна. Евро бүсийн HCOB PMI индекс 2024 оны 2-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.9 - 48.9-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа.
  3. Герман улсын Засгийн газар 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.3%-иас 0.2% болгож буурууллаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногийн Пүрэв гарагт 1989 оноос хойших дээд түвшнээ эвдэж, бүх цагийн үеийн шинэ дээд түвшнээ тогтоолоо. Nikkei 225 индекс нь сүүлийн 1 жилийн хугацаанд 43% орчмын өсөлт үзүүлээд байгаа юм. Үүнд, гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж буй болон тус улсын төв банк инфляцын түвшнийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын хүрээнд Мөнгөний хэт зөөлөн бодлого баримталсаар байгаа нь голлон нөлөөлж байна. Уоррен Баффет эрхмийн “Berkshire Hathaway”-аас эхлээд “BlackRock”, “Robeco” зэрэг гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Японы хөрөнгийн зах зээлийн өсөлтөд өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлж Япон улсын зах зээлд дэх хувьцааны хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлээд байгаа юм.
  2. Япон улсын 2024 оны 1-р сарын экспорт жилийн өмнөх мөн үеэс 11.9% өссөн үзүүлэлттэй гарлаа. Ийнхүү тус улсын экспорт сүүлийн 2 сар дараалан жилийн өмнөх үеэс 10% орчмын өсөлт үзүүлсэн нь худалдааны эргэлт өндөр байгааг илэрхийлж байна. Үүнээс, Мөнгөний хэт зөөлөн бодлогын нөлөөгөөр иений ханш суларч экспорт өндөр өсөлттэй байгааг харж болох юм.
  3. Япон улсын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 2024 оны 1-р сарын үйлдвэрлэлийг PMI үзүүлэлт 48.0 - 47.2 болж буурлаа. Үйлчилгээний салбарын PMI 53.1 - 52.5 болж буурлаа. (PMI үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хөрөнгийн зах зээл сар шинийн баярын амралтын дараа өсөлт үзүүллээ. Тодруулбал, Shanghai Composite индекс 4.85%, CSI 300 индекс 3.71%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Сар шинийн баяр нь аялал жуулчлал болон худалдан авалтыг огцом дэмжиж өгдөг тул хөрөнгийн зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүллээ гэж дүгнэж болохоор байна.
  2. Тус улсын Аялал, жуулчлалын яамны нээлттэй мэдээллээр 2024 оны Сар шинийн баярын үеэр аялал жуулчлалын салбарын орлого нь 2023 оныхтой харьцуулахад 47% өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд, дотоодын болон гадаадын аялал жуулчлал нэмэгдсэн болон Сар шинийн баярын амралт 8-н хоног үргэлжилсэн нь нөлөөлсөн байна.
  3. БНХАУ-ын Ардын Банк (PBOC) дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан банкны системдээ 500 тэрбум юань нийлүүллээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ