ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.02.26 - 2024.03.01
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,801.56 нэгжид хүрч 0.17%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэсийн баяжмал, молибденийн баяжмалыг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар зэсийн баяжмал, молибденийн баяжмал бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзсэн байна.
- Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын Цахилгаан Холбоо” ХК-д нэмэлт хувьцаа /FPO/ гаргах зөвшөөрөл олголоо. Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түүчээлэгч “Монголын Цахилгаан Холбоо” ХК нь нээлттэй хувьцаат компани болсноос хойш 28 жилийн түүхийг Монгол Улсын хөрөнгийн зах зээлтэй хамт бичилцсэн бөгөөд нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө авснаар өөрсдийн аяллаа дахин шинэ түүхийн хуудсаар эхлүүлж байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2-р сард өндөр өсөлттэй хаагдлаа. 2024 оны эхний 2 сарын тус индексийн өсөлт нь 2019 оноос хойших хамгийн өндөр өсөлт болж байна. 2024 оны эхний 2 сард S&P 500 индекс 7.70% өссөн байгаагийн талаас илүү хувь нь технологийн компаниудын өсөлтөөс үүдэлтэй байна.
- Пүрэв гарагт нийтлэгдсэн АНУ-ын 1-р сарын хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон хувийн хэрэглээний зардлын индекс зах зээлийн анхаарлыг ихээр татлаа. Тус PCE индекс 2024 оны 1-р сард жилийн өмнөх үеэс 2.8% өсөлттэй гарсан нь дийлэнх шинжээчдийн хүлээлтэд нийцлээ.
- АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх ISM үйлдвэрлэлийн индекс 2-р сард 49.1 - 47.8 болж бууралттай гарлаа. Тус индекс нь 50-иас дээш байвал тэлэлт, доош байвал агшилтыг илэрхийлдэг.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын зах зээлийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.07%-ийн өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд түвшиндээ байна.
- Евро бүсийн 2024 оны 2-р сарын инфляцын түвшин 2.8%-иас 2.6% болж буурлаа. Мөн хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.3%-иас 3.1% болж буурсан үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин бууралттай гарсан хэдий ч шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
- Евро бүсийн 2024 оны 1-р сарын ажилгүйдлийн түвшин 6.5%-иас 6.4% болж буурсан үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө хадгаллаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.08%, TOPIX индекс 1.83%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын төв банк инфляцын түвшнийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын хүрээнд Мөнгөний хэт зөөлөн бодлого баримталж байгаа билээ. Тодруулбал, Бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хадгалах шийдвэрийг баримталж байна. Япон улсын төв банкны бодлого боловсруулагчид инфляцын түвшин цаашид төсөөллийн дагуу тогтвортой байх нөхцөл үүссэнийг онцолж сөрөг хүүгийн түвшнийг өөрчлөх чиг хандлагатай дохионуудыг зах зээлд өгч эхэллээ. Бодлого боловсруулагчдын сөрөг хүүгийн түвшнийг өөрчлөхөд хамгийн их түлхэц үзүүлж буй үзүүлэлт нь цалингийн тогтвортой өсөлт аж. Шинжээчид Япон улсын төв банкийг 3 сарын 18,19-д болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг эерэг болгох боломжтой гэдэг өргөн байр суурьтай байна.
- Ам.долларыг харьцах Японы иений ханш өнгөрөгч 7 хоногт тогтвортой байлаа. Тодруулбал, 1 ам.доллар 150 Японы иентэй тэнцэж тогтвортой арилжаалагдлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүллээ. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.74%, CSI 300 индекс 1.38%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа.
- БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 2-р сарын үйлдвэрлэлийн PMI индекс 49.2 - 49.1 болж буурсан үзүүлэлттэй гарлаа. Харин үйлдвэрлэлийн бус PMI 50.7 - 51.4 болж өссөн үзүүлэлттэй гарлаа. PMI индекс 50-иас дээш байвал тэлэлт, доош байвал агшилтыг илэрхийлдэг.
- БНХАУ-ын арилжааны банкнууд үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжихээр тус салбарын үйлдвэрлэгчдэд 200 тэрбум гаруй юанийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19