ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.03.04 - 2024.03.08
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,049.74 нэгжид хүрч 1.68%-ийн бууралттай хаагдлаа.
- Монгол улсын хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд хаалттай хүрээнд 2 жилийн хугацаатай, 11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж нийт 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ. Тус бондын төлбөр тооцоо 2024 оны 3 сарын 7-ны өдөр хийгдлээ.
- 2024 оны I-II сард Монгол улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. 2023 онд Монгол улсын эдийн засгийн өсөлтөд гол жин дарсан нүүрсний экспортын өсөлт оны эхний 2 сард үргэлжиллээ. Энэ хугацаанд Монгол улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.5%-иар өссөн үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газар мэдээлж байна. Ийнхүү нүүрсний экспортоос 1.3 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлээд байгаа аж. Төмрийн хүдрийн экспорт 1.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.3%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин зэсийн баяжмалын экспорт 2023 оны мөн үеэс 16.1%-иар өсөж, 445.2 сая ам.долларын орлого олоод байгааг Гаалийн ерөнхий газар тодотголоо. 2024 оны эхний 2 сард төмрийн хүдэр, зэс болон цайрын баяжмал, чулуун нүүрсийг 100% БНХАУ-д экспортолжээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 2-р сарын хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлт болон цалингийн үнийн өсөлтийн мэдээ нь өнгөрөгч 7 хоногт зах зээлийн анхаарлыг татлаа. Эдгээр үзүүлэлтүүд нь инфляцын өндөр түвшний дарамт буурч байгааг илэрхийлэх дохиог зах зээлд өглөө. АНУ-ын эдийн засагт 2-р сард 275,000 ажлын байр шинээр бий болжээ. Энэ нь 1-р сарын үзүүлэлт болох 353,000 ажлын байртай харьцуулахад буурсан үзүүлэлт болж хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж байгаа дохиог хөрөнгө оруулагчдад өглөө. Мөн хөдөлмөрийн зах зээлд 1 цагийн дундаж орлого 2024 оны 2-р сард жилийн өмнөх үеэс 4.3% өссөн үзүүлэлттэй гарсан нь хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. Хөдөлмөрийн зах зээлд дундаж орлого хүлээлтээс доогуур гарсан нь цалингийн үнээр дамжиж инфляцын түвшнийг өсгөх дарамтыг бууруулах эерэг нөлөө зах зээлд үзүүлэх юм.
- Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл өнгөрөгч 7 хоногийн дунд үед Конгресст мэдээлэл өглөө. Тэрээр Мөнгөний бодлогын хурлын мэдэгдлийн онцлох мэдэгдлүүдийг ерөнхийдөө давтан байдлаар мэдээллийг онцоллоо. Зах зээл Холбооны нөөцийн санг 2024 оны 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 0.25%-иар бууруулна гэх хүлээлттэй байна.
- АНУ-ын ажилгүйдлийн түвшин 2-р сард 3.7%-иас 3.9% болж өслөө.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 1.14%-ийн өсөлт үзүүллээ. Тус индекс нь 7-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй байна.
- Европын төв банк инфляцын түвшний бууралт болон эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж суурь хадгаламжийн хүүгийн түвшнийг 4.0%-д хэвээр хадгаллаа.
- Европын төв банк инфляцын түвшнийг 2025 онд зорилтот 2.0%-д хүрч тогтворжино гэх хүлээлттэй байна. Харин хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшнийг 2026 онд зорилтот 2.0%-д хүрнэ гэх төсөөлөлтэй байна. Европын төв банк 2024 оны эдийн засгийн өсөлтийг 0.6%, 2025 оны эдийн засгийн өсөлтийг 1.5% гэж төсөөлж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.56%-ийн уналт үзүүлсэн бол TOPIX индекс 0.64%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Япон улсын төв банк инфляцын түвшнийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын хүрээнд Мөнгөний хэт зөөлөн бодлого баримталсаар байгаа билээ. Гэсэн хэдий ч шинжээчдийн дунд Япон улсын төв банкны 3 сарын 18,19-д болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг эерэг болгох боломжтой гэдэг өргөн байр суурь байна. Япон улсын төв банкны бодлого боловсруулагчид инфляцын түвшин цаашид төсөөллийн дагуу тогтвортой байх нөхцөл үүссэнийг онцлоод байгаа юм.
- Японы иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 150 Японы иентэй тэнцэж арилжаалагдаж байсан бол 7 хоногийн эцэст 147 иентэй тэнцэж Японы иен ам.долларын эсрэг чангарлаа. Энэ нь Япон улсын төв банк 3 сарын 18, 19-д болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг эерэг болгох боломжтой гэдэг хүлээлттэй шууд холбоотой байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүллээ. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.63%, CSI 300 индекс 0.20%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа.
- БНХАУ-ын бодлого боловсруулагчид Ардын Их Хурлын ээлжит чуулганаар 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5% хэмээн зорилт тавилаа. Мөн улсын хөгжилд чухал ач холбогдолтой том төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор урт хугацаатай бондын санхүүжилт босгохоор ажиллаж байгааг онцоллоо. Урт хугацаатай бондын санхүүжилтийн талаар дэлгэрүүлбэл 1 их наяд юанийн (138.9 тэрбум ам.доллар) бонд босгохоор төлөвлөж байгаа аж. БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.2%-ийн өсөлт үзүүлсэн юм. Бодлого боловсруулагчдын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 5% хэмээн зорилт тавьсан нь дийлэнх шинжээчдийн таамагтай нийцэж байна.
- БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх Caixin/S&P үйлчилгээний индекс 2024 оны 2-р сард 52.7 - 52.5 болж буурлаа.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19