ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.04.01 - 2024.04.05
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,386.02 нэгжид хүрч, 0.69%-ийн бууралттай хаагдлаа.
- “Худалдаа хөгжлийн банк" ХК 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1,033.00 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар боллоо.
- Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнгөрсөн 1-р сард 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108.7 төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгосон. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр тус компани 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгохоор болсон билээ. Өнгөрөгч 7 хоногоос эхлэн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэнд татвар суутгасан дүнгээр 256 мянган төгрөг олгогдож эхэллээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх ISM үйлдвэрлэлийн PMI индекс 3-р сард 50.3-д хүрсэн нь сүүлийн 16 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Уг индекс нь эдийн засгийн идэвхжил өндөр байгааг илэрхийлсэн юм. Улмаар АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсөж тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Газрын тосны үнэ 2023 оны 10-р сараас хойших хамгийн дээд ханшдаа хүрлээ. Газрын тосны үнэ өссөнөөр эрчим хүчний салбарын хувьцаанууд бусад салбарууд уналттай байхад өсөлтийг үзүүллээ.
- Эдийн засгийн өсөлт болон инфляцын үзүүлэлтэд гол дохиог зах зээлд өгдөг АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татлаа. Тодруулбал, Баасан гарагт АНУ-ын эдийн засагт 3-р сард 303,000 ажлын байр шинээр нэмэгдсэн мэдээлэл нийтлэгдсэн ба энэ нь шинжээчдийн хүлээлтийг өндрөөр давсан үзүүлэлт боллоо. Шинжээчид АНУ-ын эдийн засагт 3-р сард 212,000 ажлын байр шинээр нэмэгдэнэ гэх хүлээлттэй байсан юм.
- АНУ-ын ажиллах хүчний оролцооны түвшин 3-р сард 62.5%-иас өсөж 62.7%-д хүрлээ. Мөн ажилгүйдлийн түвшин 3.9%-иас буурч 3.8%-д хүрлээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцааны зах зээлийн 10-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлт өнгөрөгч 7 хоногт зогслоо. Хувьцааны зах зээл уналттай байхад АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн нягт байдал болон газрын тосны үнэ зах зээлд өсөлттэй байгаа нь гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, Тус хоёр хүчин зүйл нь Европын инфляцын түвшин буурахад сөрөг нөлөө үзүүлнэ гэх дохиог хөрөнгө оруулагчдад өгсөн юм.
- Евро бүсийн инфляцын түвшин 2024 оны 3-р сард 2.6%-иас 2.4%-д хүрч буурлаа. Мөн хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.1%-иас 2.9%-д хүрч буурлаа.
- Евро бүсийн PMI индекс 3-р сард 49.9 - 50.3-д хүрч өслөө. PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.41%, TOPIX индекс 2.38%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Зах зээл уналттай байхад АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайн гарсан болон Япон улсын бодлого боловсруулагчид сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрч сулраад байгаа иений ханшийг ам.долларын эсрэг чангаруулахын тулд интервенц хийхэд бэлэн гэж мэдэгдсэн нь голлон нөлөөллөө.
- Японы төв банкны ерөнхийлөгч иений ханшийн сулрал болон цалингийн үнийн өсөлтийг харгалзан үзэж дахин бодлогын хүүг өсгөх боломжтой байна.
- Японы төв банкны бодлого боловсруулагчид өнгөрөгч 3 сард сүүлийн 7 жилд анх удаа сөрөг хүүгийн түвшнийг эерэг болгосон билээ. Бидний хувьд тус улсын төв банкийг 2024 онд дахин 2 удаа бодлогыг хүүгээ өсгөх боломжтой гэх төсөөлөлтэй байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.92%, CSI 300 индекс 0.86%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй байлаа. Qingming баярын өдрийг тохиолдуулан өнгөрөгч Пүрэв болон Баасан гарагт БНХАУ-ын хөрөнгийн зах зээл хаалттай байлаа.
- БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 3-р сарын үйлдвэрлэлийн PMI индекс 49.1 - 50.8 болж өслөө. Үйлдвэрлэлийн бус PMI индекс 51.4 - 53.0 болж өндөр өсөлттэй гарлаа. PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг. 2024 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг зорилтот 5.0%-д хадгалахын тулд БНХАУ-ын Ардын банкны бодлого боловсруулагчид түүнд тохирсон Мөнгөний бодлого баримтлах болохыг онцоллоо.
- Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн салбарт болгоомжтой хандсан хэвээр байна. Барилгын компаниудын өрийн хэмжээ өндөр байхын зэрэгцээ орон сууц худалдан авагчдын эрэлт сул байгаа нь үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19