{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.05.06 - 2024.05.10

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.05.06 - 2024.05.10


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,991.12 нэгжид хүрч, 0.08%-ийн бууралттай хаагдлаа. Томоохон компаниудын 2024 оны 1-р улирлын тайлан нийтлэгдэж дууссан тул зах зээл тогтворжсон байдалтай байна. 
  2. Монгол улсын инфляцын түвшин 2024 оны 4-р сард 6.4%-д хүрч буурлаа. Уг үзүүлэлт нь 2021 оны 5-р сараас хойших хамгийн доод түвшин болж байна. Улсын зорилтот инфляцын түвшин 6.0% бөгөөд зорилтот түвшинд ойртож ирлээ. Бидний хувьд Монголбанкийг 2024 онд дахин хоёр удаа 1.0%-иар бодлогын хүүгээ бууруулах боломжтой гэх төсөөлөлтэй байна.
  3. Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр 12.0%-ийн өгөөжтэй, 3 жилийн хугацаатай, нийт 300 сая ам.долларын бондын санхүүжилтийг амжилттай босголоо. Тус бондын купон 11.0% боловч анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон хөрөнгө оруулагчдад бондын нэгжийн үнийг 97.541 ам.доллар дээр санал болгож хөрөнгө оруулагчдын өгөөжийг 12.0%-д тэнцүүлсэн юм. Бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3 (stable) by Moody’s; B (stable) by S&P байна. Голомт Банк ХК нь уг эх үүсвэрээр Монголбанктай төгрөгийн своп арилжаа хийх замаар өөрийн үндсэн бизнесээ тэлэх зорилготой байна. Хэрэв та Голомт Банк ХК-ийн шинэ бондод хөрөнгө оруулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.
  4. 2024 оны эхний 4 сарын байдлаар Монгол улсын нийт экспорт 4.9 тэрбум ам.долларт хүрлээ. Нийт экспортын 60.5%-ийг чулуун нүүрс, 17.7%-ийг зэсийн хүдэр, баяжмал, 9.7%-ийг алт болон төмрийн хүдэр, баяжмал эзэлж байна. Тус хугацаанд нийт 24.4 сая тонн нүүрс экспорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс биет хэмжээний хувьд 28.3%-ийг өссөн хэдий ч үнийн дүн 2,988.2 сая ам.доллар гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.7%-ийг буурсан байна. Тоон хэмжээ өссөн хэдий ч үнийн дүн буурсан байгаа нь нийт экспортын 60.5%-ийг дангаар бүрдүүлж буй түүхий эдийн хилийн дундаж үнэ буурч байгаатай холбоотой байна. 

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. S&P 500 индекс өнгөрөгч долоо хоногт өссөнөөр гурван долоо хоног дараалж өсөж бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчлэхэд ойртлоо. Үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өсөлттэй ангиллын хувьцаануудаас илүү өндөр өсөлтийг үзүүллээ. Уолт Диснейн компанийн хувьцааны ханш Мягмар гарагт 9.5%-иар буурлаа. Тус компанийн ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтийг давсан хэдий ч онлайн стриминг захиалагчдын өсөлт удааширч болзошгүйг анхааруулсан нь хувьцааны ханш буурахад нөлөөллөө. Үүнтэй адилаар Shopify компанийн хувьцааны ханш 18.6%-иар буурсан ба энэ нь тус компанийн борлуулалтын орлого буурах хүлээлттэй байгаатай холбоотой байлаа.
  2. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрөгч долоо хоногт 231,000-д хүрсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2023 оны 8-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Хөрөнгө оруулагчид үүнээс хөдөлмөрийн зах зээлд халалт намжиж байгаа дохиог авлаа. Хөдөлмөрийн зах зээлийн халалт намжих нь инфляцын түвшин буурахад эерэг нөлөө үзүүлэх юм.
  3. Ирэх долоо хоногийн Лхагва гарагт мэдээлэгдэх АНУ-ын 4-р сарын инфляцын түвшин хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. Дийлэнх шинжээчид инфляцын түвшнийг 3.5% - 3.4%-д хүрч буурна гэх хүлээлттэй байна. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшнийг 3.8% - 3.6%-д хүрч буурна гэх хүлээлттэй байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцаат компаниудын 2024 оны 1-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан болон томоохон төв банкнууд дараагийн Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байгаатай холбогдуулан Европын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч долоо хоногт 3.01%, FTSE 100 индекс 2.68% тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Английн төв банк өнгөрөгч долоо хоногт бодлогын хүүгээ 5.25%-д хэвээр хадгаллаа. Бидний хувьд Английн төв банкийг 2024 оны 6-р сард болох хурлаар бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулна гэх хүлээлттэй байна.
  3. 2024 оны 1-р улиралд Английн эдийн засаг 0.6%-ийн өсөлттэй гарсан нь шинжээчдийн хүлээлтийг давлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Японы төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда иений ханшийн үргэлжилсэн сулралын нөлөө тус улсын санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгааг онцолж шаардлагатай бол бодлогын хүүг дахин өсгөх тухай дохио өглөө. Хүүгийн түвшин ойрын хугацаанд дахин өсөж болзошгүй байгаа нь хувьцааны зах зээлийн уналтад голлон нөлөөллөө. Nikkei 225 индекс 0.02%, TOPIX индекс 0.01% тус тус бууралттай хаагдлаа.
  2. 1 ам.доллар 153 иентэй тэнцэж байсан бол иений ханш өнгөрөгч долоо хоногт ам.долларын эсрэг суларч 1 ам.доллар 156 иентэй тэнцлээ. Япон улсын бодлого боловсруулагчдын хувьд иений ханшийн сулралын эсрэг валютын зах зээлд интервенц хийж байгаа хэдий ч хамгийн гол суурь хүчин зүйлүүд иений ханш сулрах чиглэлд байна. Тиймээс Япон улсын иений ханш ам.долларын эсрэг суларч байна.
  3. Өнгөрөгч 3-р сард Япон улсын төв банк сөрөг хүүгийн түвшнийг эерэг болгосон хэдий ч одоогийн хүүгийн түвшнийг бусад өндөр хөгжилтэй орнуудын хүүгийн түвшинтэй харьцуулахад бага хэвээр байна. Бидний хувьд тус улсын төв банкийг 2024 онд дахин хоёр удаа бодлогын хүүгээ өсгөх боломжтой гэж таамаглаж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Хөдөлмөрийн баярыг тохиолдуулан БНХАУ-ын зах зээл 5 сарын 1-ээс 5 сарын 5-ыг дуустал амарсан билээ. Амралтын өдрүүдэд зах зээл дэх худалдан авалт ихэссэн бололтой. Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр тус 5 өдөр аялал жуулчлалын борлуулалтын орлого өнгөрсөн оныхоос 7.6% өссөн үзүүлэлттэй гарчээ. Зах зээлд эрэлт нэмэгдсэний улмаас тус улсын хувьцааны зах зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.60%, CSI 300 индекс 1.72%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. 2024 оны 4-р сарын Caixin/S&P үйлчилгээний PMI индекс 52.7 - 52.5-д хүрч бууралттай гарлаа. PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
  3. БНХАУ-ын экспорт 2024 оны 4-р сард жилийн өмнөх мөн үеэс 1.5% өссөн үзүүлэлттэй гарлаа. Импорт мөн адил 8.4% өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын гадаад худалдааны ашиг 2024 оны 3-р сард 58.55 тэрбум ам.доллар байсан бол 4-р сард 72.35 тэрбум ам.доллар болж өслөө.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ