{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.05.13 - 2024.05.17

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.05.13 - 2024.05.17


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,631.26 нэгжид хүрч, 0.84%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны 1-р улиралд жилийн өмнөх мөн үеэс 7.8% өссөн үзүүлэлттэй гарлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд 7.8%-иар өссөний -1.35%-ийг хөдөө аж ахуйн салбар, 1.9%-ийг уул уурхай, олборлолтын салбар, 1.0%-ийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.1%-ийг үйлчилгээний салбар, 2.1%-ийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
  3. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны 1-р улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 536.4 (28.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 137.0 (6.0%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 282.8 (19.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 62.7 (3.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 19.8%-иар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 166.3 (60.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх DJIA индекс, S&P 500 индекс болон NASDAQ Composite индекс нар өнгөрөгч долоо хоногт бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчлэн тогтоолоо. DJIA индекс 40,000 босгыг давсан нь онцлох түвшин болж байна. Өндөр инфляцын түвшин болон зээлийн хүүгийн дарамт зах зээлд тус тус буурсан нь хувьцааны зах зээл үргэлжилсэн өсөлтөө үзүүлэхэд гол нөлөөг үзүүллээ. 
  2. АНУ-ын 4-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 3.6% өссөн үзүүлэлттэй гарсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур үзүүлэлт болж хувьцааны зах зээлд эергээр нөлөөллөө. 2023 оны 11-р сараас хойш инфляцын түвшин 3.8%-4.0% хооронд тогтсон байдалтай байсан бол ийнхүү инфляцын түвшин 3.6%-д хүрч буурсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн юм.
  3. 2024 оны 4-р сарын АНУ-ын жижиглэн борлуулалтын дүн сарын өмнөх мөн үеэс 0.0%-ийн өсөлттэй гарлаа. Зах зээлийн идэвхжилийг илэрхийлэх тус үзүүлэлт эдийн засгийн хувьд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ хэдий ч инфляцын түвшин болон хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүллээ. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцаат компаниудын 2024 оны 1-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан болон томоохон төв банкнууд дараагийн Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байгаатай холбогдуулан Европын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч долоо хоногт 0.42%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. 2024 оны 3-р сарын Английн хөдөлмөрийн зах зээлд цалингийн үнийн өсөлт бонус цалинг хассан дүнгээр жилийн өмнөх үеэс 6.0%-ийн өсөлттэй гарлаа. Бусад эдийн засгийн мэдээллээс авч үзвэл тус улсын 3-р сарын ажилгүйдлийн түвшин 4.2%-иас 4.3%-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. 
  3. Евро бүсийн 2024 оны 1-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилийн өмнөх мөн үеэс 0.4% өссөн үзүүлэлттэй гарлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.46%, TOPIX индекс 0.64%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Япон улсын эдийн засаг 2024 оны 1-р улиралд жилийн өмнөх үеэс 2.0% агшсан үзүүлэлттэй гарлаа. 2024 оны 1-р сарын 1-д болсон Ното хойгт болсон газар хөдлөлт 2024 оны 1-р улиралд эдийн засаг агшилттай гарахад гол сөрөг нөлөөг үзүүлсэн юм. Тус газар хөдлөлт нь 2011 оны Тохокугийн газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
  3. Япон улсын иений ханш өнгөрөгч долоо хоногт ам.долларын эсрэг тогтвортой арилжаалагдлаа. 1 ам.доллар 155 иентэй тэнцэж өөрчлөлтгүй хаагдлаа. Үүний шалтгаан нь АНУ-ын 4-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 3.6% өссөн үзүүлэлттэй гарсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур үзүүлэлт болж 2024 онд Холбооны нөөцийн сан 2 удаа бодлогын хүүг бууруулах орон зай үүсгэсэн хүлээлттэй байна. Нөгөөтээгүүр Япон улсын төв банкны зүгээс инфляцын түвшнээ харгалзан үзэж бодлогын хүүгээ дахин өсгөх төлөвтэй байгаа нь ам.долларыг харьцах иений ханш тогтвортой байхад голлон нөлөөллөө.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын Засгийн газар өнгөрөгч Баасан гарагт уналтад өртөөд буй үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжихээр түүхэн бодлогын шийдвэрийг авч хэрэгжүүлэхээр боллоо.Тус улсын хувьцааны зах зээлийн хувьд өнгөрөгч долоо хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.02% буурсан бол CSI 300 индекс 0.32% өссөн үзүүлэлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбарынхаа эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд орон сууц анх удаа ипотекийн зээлээр худалдан авч буй иргэдийнхээ урьдчилгаа төлбөрийн харьцааг 5%-иар бууруулж 15%, хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийн харьцааг 25% болгож буурууллаа. Мөн орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит банкнуудад 300 тэрбум юанийн бага хүүтэй зээл олголт хийх талаар мэдэгдэл хийлээ. 
  3. БНХАУ-ын 2024 оны 4-р сарын ажилгүйдлийн түвшин 5.2%-иас 5.0%-д хүрч буурлаа. Тус улсын 4-р сарын жижиглэн борлуулалтын дүн жилийн өмнөх үеэс 2.3% өссөн үзүүлэлттэй гарсан нь шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ