{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.06.03 - 2024.06.07

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.06.03 - 2024.06.07


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,911.8 нэгжид хүрч, 0.77 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монгол улсын гадаад валютын нөөц 2024 оны 5-р сарын байдлаар оны эхэн үеэс 5.32 хувь өсөж, 5.18 тэрбум ам.долларт хүрлээ. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2024 оны 5-р сарын байдлаар оны эхэн үеэс 0.85 хувь суларч 3,381.43 төгрөгтэй тэнцэж байна.
  3. Монгол улсын жилийн инфляц 2024 оны 5-р сард улсын хэмжээнд 5.7 хувьд хүрч буурлаа. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5-р сард 11.3 хувь гарсан бол 2024 оны 5 дугаар сард 5.7 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс  5.6 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (35.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувиар (55.1%) тус тус нөлөөлсөн байна. 
  4. Монгол улс өнгөрсөн онд нийт 69.6 сая тонн буюу сард дунджаар 5.8 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд түвшинд хүрсэн. 2024 оны эхний 5 сард нийт 32.5 сая тонн нүүрс буюу сард дунджаар 6.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ хурдаа алдахгүй нүүрс экспорт хийгдсээр байвал оны эцэс гэхэд 70 сая тонн давахаар байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өсөж байгаа хэдий ч хилийн дундаж үнэ буурсантай холбоотой үнийн дүн өнгөрсөн сард өмнөх оноос бууралттай гарсан. Нийт экспортын 60 хувийг дангаар бүрдүүлж буй гол түүхий эдийн үнийн эрсдэл импорт өндөр хувиар нэмэгдэж буй энэ үед гадаад худалдааны тэнцэлд томоохон дарамт учруулж байна.

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 1.32 хувь, технологийн компаниуд жин их дарсан NASDAQ Composite индекс 2.38 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 5-р сарын PMI үзүүлэлт бууралттай гарсан нь стагфляцын эрсдэлийг дагуулж шинжээчдийн анхаарлыг татаж байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт удаашрахын зэрэгцээ инфляцын түвшин буурахгүй тогтсон байдалтай байгаа нь стагфляцын эрсдэлийг дагуулж байгаа юм. Даваа гарагт мэдээлэгдсэн үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх 5-р сарын PMI 48.7-д хүрч бууралттай гарлаа. PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
  3. АНУ-ын эдийн засагт 2024 оны 5-р сард хөдөө аж ахуйн бус 272,000 ажлын байр шинээр нэмэгдлээ. Энэ нь шинжээчдийн 182,000 ажлын байрны хүлээлтийг өндрөөр давсан үзүүлэлт боллоо. АНУ-ын 5-р сарын ажилгүйдлийн түвшин 5-р сард 3.9 хувиас 4 хувьд хүрч өслөө.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын төв банк бодлогын хүүгээ бууруулсны нөлөөгөөр Евро бүсийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 1.04 хувийн өсөлттэй хаагдлаа.
  2. Европын төв банк өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж, 4.25 хувьд хүргэлээ. Төв банкны бодлого боловсруулагчдын зүгээс Евро бүсийн инфляцын түвшний шинэчилсэн төлөвийг харгалзан үзэж бодлогын хүүг бууруулах орон зай үүссэн тул бодлогын хүүг 0.25 хувиар бууруулсан болохыг онцоллоо. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, цалингийн үнийн өсөлтийг харгалзан үзэхэд инфляцын түвшин ирэх жил зорилтот түвшин рүү хүрэх төлөвтэй байгаа тул бодлогын хүүг бууруулах орон зай үүссэн хэмээн онцоллоо.
  3. Европын төв банк нь инфляцын түвшнийг 2024 онд 2.5 хувь, 2025 онд 2.2 хувь, 2026 онд 1.9 хувь гэж таамаглаж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт холимог байдалтай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.51 хувь өссөн бол TOPIX индекс 0.63 хувийн бууралттай хаагдлаа. Япон улсын иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарлаа. 1 ам.доллар 157 иентэй тэнцдэг байсан бол 1 ам.долларын 155 иентэй тэнцэж арилжаалагдаж иений ханш чангарлаа.
  2. Япон улсын төв банкны ээлжит Мөнгөний бодлогын хурал 6-р сарын 13-14-ний өдрүүдэд болох ба бодлого боловсруулагчдын гаргах шийдвэр хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. Төв банкны ерөнхийлөгч Казуо Уэда эрхмийн сүүлийн мэдэгдлүүдийг авч үзвэл улсын санхүүгийн зах зээлд гэнэтийн өөрчлөлт оруулах бодлогын шийдвэр гаргахаас зайлсхийх дээр анхаарч байгааг онцлоод байгаа юм. Үүнийг харгалзан үзвэл 6-р сарын 13-14-ний өдрүүдэд болох Мөнгөний бодлогын ээлжит хурлаар бодлогын хүүгээ хэвээр үлдээх магадлал өндөр байна.
  3. Япон улсын Сангийн сайд 4-р сарын 29-ний өдрөөс 5-р сарын 29-ний өдрийн хооронд валютын зах зээлд иений ханшийг чангаруулахаар интервенц хийсэн хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд бууралттай гарсны улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.15 хувь, CSI 300 индекс 0.16 хувь тус тус бууралттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын шилдэг 100 барилгын компанийн 2024 оны 5-р сарын орон сууцны борлуулалт 322.4 тэрбум юань гарлаа. Энэ нь сарын өмнөх үеэс 3.4 хувь буурсан дүн болж байна. Шилдэг 100 барилгын компанийн 2024 оны 5-р сар хүртэлх нийт 5 сарын борлуулалтын дүнг авч үзвэл 1.4 их наяд юанийн борлуулалт хийсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувь буурсан үзүүлэлт болж байна.
  3. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх Caixin/S&P Global 5-р сарын PMI индекс 51.4-өөс 51.7-д хүрч өслөө. Энэ нь 7 сар дараалан тус салбар тэлж буй үзүүлэлт болж байна. Тус индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
  4. БНХАУ-ын 2024 оны 5-р сарын гадаад худалдаа 82.62 тэрбум ам.долларт хүрч сарын өмнөх үеэс 14.19 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ